Иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл байна
- 2018-04-18
- Эрүүл мэнд
- 0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат иргэдийн эрүүл мэндтэй хамааралтай учраас хүнсний асуудалд нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн бөгөөд баяжуулсан хүнсийг нарийвчлан шинжлэх боломжтой олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манай улсад бий эсэхийг тодруулав. “2000- 2007 онд Монгол Улсад гурил баяжуулах үйлдвэрлэл явуулж байжээ. Энэ хугацаанд зөвхөн хүнсний баяжуулагч бэлдмэлийг илрүүлэн таних хэмжээнд шинжилгээ хийж байсан байна. Одоо бол МХЕГ, ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төв, ЭМШУИС- ийн дэргэдэх лабораториуд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн байгаагаас ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лаборатори олон улсын магадлан итгэмжлэл авсан гэж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг мэдээлэв. Улс орнууд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бодлого баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давс, 85 улсад гурил, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж.
Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах нь иргэдэд нэмэлт амин дэмийн бэлдмэлийг хүргэхээс хэд дахин өртөг багатай болохыг холбогдох судалгаа, мэдээллээс авч болох юм байна. Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очир төслийг боловсруулах болсон үндэслэл шалтгааны талаар тайлбарлахдаа “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж, үнэлгээ өгөх зорилгоор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд 21 аймгийн 94 сум, нийслэлийн найман дүүргийн 30 хороонд хийсэн судалгаагаар иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны төвшингөөс буураагүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн судалгааны үр дүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тусгасан байгаа” гэлээ. Ингээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)