Хуурамч хувьцааны луйвраас болж 24500 хүн хохирчээ

Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, энэ төрлийн луйвраас иргэдийг урьдчилан сэргийлэх, ухуулга, мэдээлэл өгөх зорилготой “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт сургалт, зөвлөгөөн өчигдөр боллоо. Сургалт, зөвлөгөөнд ЦЕГ- ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Бурмаа, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргааны удирдлагын газрын дарга Б.Батзориг болон албаны бусад хүн оролцсон юм. Сургалт зөвлөгөөнийг нээж, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий хэлсэн үгэндээ “Залилах гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагууд их ачаалалтай ажиллаж байна. Нэг хэрэгт ганц хүн биш ажлын хэсгүүд гарч ажилласнаар үр дүн гарна. Залилах зарим гэмт хэргийг хэдэн сар, жилээс дээш хугацаанд шалгаад явж байна. Энэ төрлийн хэргийг ихээр үйлдэж байгаа учраас ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албатай хамтраад урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөвдүгээр сард “Залилах гэмт хэргээс сэргийлэх аян” зохион байгуулж, үр дүнгээ ч өглөө. Гэмт хэргийг үйлдсэний дараа биш өмнө нь урьдчилан сэргийлж таслан зогсоох нь бидний гол зорилго. Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллавал сүлжээний бизнесээс ард иргэдийг хамгаалах, хохирол учруулахгүй байх, гэмт хэргээс сэргийлэх бүрэн боломжтойг ойлгон энэхүү сургалт зөвлөгөөнийг зохион байгуулсан” гэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Захиргааны удирдлагын газрын дарга

Б.БАТЗОРИГ:“ЖИ ТАЙМ”-РУУ ХУУЛИЙН ЯМАР Ч БАЙГУУЛЛАГА АЙГААД ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН

Санхүүгийн зохицуулах хороог УИХ-аас байгуулж, үйл ажиллагаагаа УИХ-д эргүүлэн тайлагнадаг. СЗХ Их хурлаас долоон гишүүн томилж тэдний шийдвэрийг УИХ-аас томилсон хяналтын зөвлөлийн таван гишүүн хянадаг ийм бүтэцтэй юм. Монгол Улсын санхүүгийн зах зээлийг зохицуулах, санхүүгийн зах зээлийг тогтвортой байдлыг хангаж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй учраас тусгайлан УИХ-аас томилогдон ажилладаг. Банкнаас бусад санхүүгийн зах зээлийг бүхэлд нь хяналт тавьж ажилладаг. СЗХ- нд бүртгэлтэй 2187 этгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Шууд утгаар нь хэлбэл тусгай зөвшөөрөл авсан компаниуд маань залилан мэхлэх гэмт хэрэгтэй ойролцоо үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Санхүүгийн зах зээл өөрөө итгэлцлийг олж аван түүн дээр тоглож мөнгө олдог. Санхүүгийн зах зээлд ямар ч чадваргүй хүмүүс орж ирэн бусдын итгэлцлийг олж залилан мэхэлж байна. Харин СЗХ-нд бүртгэлтэй компаниудын хувьд тус компани хуулийн дагуу бизнес эрхлэх чадвартай юу, их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн тохиолдолд бизнес эрхлэх төлөвлөгөө бодитой юү гэдгийг олон талаас нь судалж байж энэ компани энэ зах зээлд итгэлцлийн бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой юм гэдэг зөвшөөрөл олгодог. Зөвшөөрлийг олгосны дараа сар улирал тутам тайланг авч, хорооны ажилтнууд байнгын хяналт тавьдаг. Ямар нэгэн эрсдэл үүсвэл газар дээр нь очиж шалгадаг. Шалгах явцад зөрчил илэрвэл шалгах ажиллагааг хэрэгжүүлдэг. “Жи Тайм” сүлжээний хувьд СЗХ-ноос мэдээлэл л өгсөн. “Жи тайм”-руу хуулийн ямар ч байгууллага айгаад орж чадахгүй байсны үр дагавраар мөнгө, автомашин, орон сууцны хөтөлбөр рүү оруулчихсан. Энэ хөтөлбөрийг зогсоогоогүй бол цаашид хэрхэх байсан нь тодорхойгүй. Төрийн байгууллагууд ороогүй байхад Санхүүгийн зохицуулах хороо очиж мэдээллийг холбогдох байгууллагуудад өгч ажилласан. Манай ажилтнууд санхүүгийн зах зээлд өндөр мэргэшсэн байдаг тул пирамид луйвар байна уу гэдэгт шинжээчээр ажилладаг. Харин нэр барьж залилан мэхлэх үйлдэл илэрвэл цагдаагийнхантай хамтарч таслан зогсоох арга хэмжээг авдаг.

Шууд худалдаа, сүлжээний бизнесийн маркетинг судлаач

Д.ЧИМЭДДАМБА: САНХҮҮГИЙН ПИРАМИДЫН ЛУЙВАР ЭРЧИМЖИЖ БАЙНА

-Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн пирамид 18, бараатай пирамид 15, өнгөлөн далдалсан шууд худалдааны компани 15, шууд худалдааны компани 3 байна. Гэтэл хуулиараа энэ бүгдийг нь хориглочихсон. Гэсэн ч энэ үйл ажиллагаа эржимжиж, залилан луйвар нь улам гүнзгийрч байна. Хамгийн сүүлийн жишээг татвал “Stanford” олон улсын хөрөнгө оруулалт, та нэг жилд 1200 хувийн ноогдол ашиг авна, та 10 мянган долларын хөрөнгө оруулчихвал долоо хоног бүр 650 долларын ашиг авна гэх сурталчилгаа явж байна. 2009 онд бас нэг аж ахуйн нэгж Зэс эрдэнийн хувь тарааж 24500 хохирогчтой хуурамч хувьцаа тараасан луйврыг Санхүүгийн зохицуулах хороо шалгаж байна. Сүүлийн үед залилах гэмт хэргийг ихээр үйлдэх болсон тул цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллах нь зөв зүйтэй юм.

Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч

Л.ЦОГТСАЙХАН: ПИРАМИД ТОГТОЛЦООНЫ ЛУЙВРЫГ ЗОГСООХЫН ТУЛД НЭГДСЭН ЦАХИМ САНТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Сургалт зөвлөгөөний гол зорилго нь пирамид тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээрийн үйл ажиллагааг зохицуулах мөн шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм . Цагдаа нар төрийн бусад байгууллагатай хамтран пирамид тогтолцооны луйврын аргаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэнд хяналт шалгалтаа тогтоох, Аж ахуйн тусгай зөвшөөрөлд нь олон шатлалт маркетинг буюу шууд борлуулалтын худалдаа гэдэг тусгай зөвшөөрлийг оруулж өгье гэсэн санал гарч байна. Мөн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэний бүртгэлийн нэгдсэн цахим сантай болох зорилт тавин ажиллаж байна.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)