Хувийн мэдээллээ бусадтай бүү хуваалц

ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД КАРТЫН МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛЖ АВДАГ

2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 221 удаа, нийт 184 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийсэн байна. Интернэт банкны халдлагыг ихэвчлэн цахим хаягаар дамжин үйлдэж байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Батнасан онцоллоо. Тэрбээр “Сошиал орчинд санал, асуулга, сугалаа зэрэг хуурамч мэдээлэл тарааж нууц үгийг нь хакердах тохиолдол ихээр гарч байна. Нийт 50 иргэнд мэдээлэл явуулах замаар 7000 хүнийг хакердсан тохиолдол бий. Үйлчилгээний газрууд пин код асуудаг, бид ч хэлээд өгдөг. Эндээс л Төлбөрийн картын эрсдэл эхэлдэг. Цахим гэмт хэрэгтнүүд ресторанд зөөгчөөр ажилд орж картын мэдээлэл хуулж авдаг. Тухайн хүний мэдээллийг хакердсан хүн өмнөөс нь банк руу мэйл бичиж нууц үгийг нь авсан тохиолдол гарсан. Ийм шугамаар зургаан сая төгрөгөө алдсан эмэгтэй бий. Сошиалын болон банкны картын паспорт адилхан байвал хакердуулах аюултай. Аль алиных нь паспорт буюу нууц кодыг ойр ойрхон сольж байх хэрэгтэй. Фэйсбүүкээр явдаг элдэв сорил бөглөх, шейрлэх ч эрсдэлтэй” гэв.

САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙГ ОНИЛОХ БОЛСОН

“Акати Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Кришна Ражагопал “Цахим банкны аюулгүй байдал” сэдвийн гол илтгэлийг танилцууллаа. Тэрбээр илтгэлийнхээ үеэр сүүлийн үед хакеруудын гол бай нь санхүүгийн хэрэглэгчид болсныг онцолсон юм. Учир нь банк, санхүүгийн байгууллагыг хакердах нь хэтэрхий зардал ихтэйгээс гадна эрсдэлтэй учир хэрэглэгчид рүү халдах болжээ. Энэ үед хэрэглэгчид мэдээллээ алдахгүй байхын тулд өөрсдийгөө хамгаалах шаардлагатай болсон гэв. Тэрбээр “Бид твиттерийнхээ нууц үгтэй адил нууц үгээр банкны нууц үгээ хийдэг. Үүнээс болж хакердуулахад хялбар болдог. Би алдартай биш учраас намайг хэн хакердах вэ гэж бодох хэрэггүй. Гэмт хэрэгтнүүд таныг онцолж байгаа. Тиймээс нууц үгээ байнга сольж бай. Sowtware-ийн шинэчлэлүүдийг татаж бай. Ерөөсөө мэдэхгүй хаягаас ирсэн mail-ийг битгий үз” гэж зөвлөлөө. Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Цахим орчин бидний өдөр тутмын хэрэглээ цахим орчин бидэнд аятай таатай боловч үүний хажуугаар эрсдэлтэй гэдгийг санахад илүүдэхгүй. Буруу сэдэлтэй хүмүүс хувийн мэдээлэл ашиглаж, нэр төр, мөнгө төгрөгтэй холбоотой янз бүрийн луйвар хийх эрсдэл бий. Та бүхэн анзаарсан бол банкууд үйлчлүүлж буй хүмүүстээ нууц үгээ солиорой, үл мэдэгдэх мэйл хаягаас ирсэн мэдээллийг нээж болохгүй, устгаарай, янз бүрийн программ хангамжаар битгий оролдоорой, өөрийнхөө нууц үгийг битгий хүнд дамжуулаарай гэх мэтээр байнга зөвлөгөө өгдөг.

Мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс хэтэрч чадахгүй шүү дээ. Уг нь ямар ч тохиолдолд өөрийнхөө хувийн мэдээллийг бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Б.Лхагвасүрэн: ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨГӨӨШ ӨГӨХ ЗАМААР ХУЛГАЙЛЖ, ЗАРДАГ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭНГЭЭС дараах асуултад хариулт авлаа.

-Цахим банкны аюулгүй байдлыг банкны зүгээс яаж хамгаалах ёстой вэ?

-Банк санхүүгийн салбар хамгийн түрүүнд технологийн дэвшилд оролцож, нэвтрүүлж байна. Түүнээс нэг үгийг онцолмоор байна. Энэ бол финтек. Санхүү техник, технологи гэсэн үгийг нийлүүлсэн ойлголт. Энэ үг дэлхий нийтийн чухал, халуун сэдэв болж байна шүү дээ. Хаана ч очсон олон улсын гол сэдэв болж, тусгай хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монголд ч адил. Нэг талаар банк санхүүгийн байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулж хэрэглэгчдэд олгож байгаа ч гэсэн, нөгөө талаас харилцагчийн эрх ашгийг хамгаалж, цахим үйлчилгээгээр дамжсан эрсдэлийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь финтектэй зэрэг ярих асуудал. Бидний одоо хэрэглэж буй соронзон тууз бүхий төлбөрийн карт бол нууцын зэрэглэл багатай. Үүнийг илүү боловсронгуй нууцыг өндөр зэрэглэлтэй болгохын тулд “чип” гэдэг зүйлийг нэвтрүүлж эхэлж байгаа. Энэ нь аюулгүй байдлын хувьд нэг шат ахисан нууцын зэрэглэлтэй юм.

-Хувь хүний зүгээс цахим банкныхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах шаардлагатай вэ?

-Нууц үгийг чандлан хадгалах ёстой. Пасс код буюу нууц үгээ илүү олон оронтой тоо, үсгээр солих хэрэгтэй. Ойр ойрхон сольж байвал сайн. Харилцагчийн мэдээллийг өгөөш өгөх замаар хулгайлдаг, зардаг тохиолдол нэмэгдэж байна. Үүнд өртөхгүй байх нь чухал.

-Хакераас яаж сэргийлэх вэ, хакердуулж байгаагаа мэдэх боломж бий юу?

-Одоогоор ийм боломж алга. Гэхдээ бид аюулгүй байдлыг сайжруулах тал дээр шат дараалсан ажил хийж байгаа. Үр дүнг нь удахгүй олон нийтэд сайн мэдээ болгон дуулгана гэж найдаж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)