Барилгын нормативын баримт бичиг цахим хэлбэрт шилжлээ
- 2018-04-30
- Нийгэм
- 0

Монгол Улсын барилгын салбарт өнөөдрийн байдлаар “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг” буюу 422 барилгын норм, дүрэм, 498 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Тэдгээр норм норматив баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн ажил эхэлжээ.
Ийнхүү баримт бичгүүдийг цахим хэлбэрт нэвтрүүлснээр салбарын инженер техникийн ажилтнууд, суралцаж буй оюутан залуус хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийг бүрэн эхээр нь үзэх, шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм.
Мөн барилга байгууламжийг барих, засвар өргөтгөл, шинэчлэлт хийхэд шаардагдах төсөвт өртгийг тооцох барилга угсралтын ажлын үнийн индекс, зах зээлд худалдан борлуулагдаж байгаа бараа материалын үнэ ханшийг нээлттэй болгож өгснөөр зөвхөн салбарын бус санхүү, эдийн засгийн бусад салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон түлхэц болох аж.
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙГ ЦАХИМЖУУЛЖ БУЙ НЬ САЛБАРЫН БОДЛОГЫН ТОМ ШИНЭЧЛЭЛ

Барилгын хөгжлийн төвийн норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг “Барилга, хот байгуулалтын яамны бодлого норматив бичиг баримтаар дамжиж явдаг. Энэ баримт бичиг нь иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Норматив баримт бичигт тухайн барилгын төлөвлөлт, угсралтыг хийх журам, зааврыг тусгасан байдаг. Үүнийг цахимжуулна гэдэг нь салбарын бодлогын хувьд том шинэчлэл гэж хэлж болно.
Энэхүү норм, норматив бичиг баримт нь цаасан хэлбэрээр байхдаа хүн болгонд хүрэх хүртээмж муу байсан. Харин цахимд шилжүүлснээр хурдан шуурхай, хүртээмжтэй болох нөхцөл бүрдлээ. Үнийн хувьд цаасан хувилбартай ижил.
Цаашид бид энэхүү цахим хэлбэрээ ямар аргаар хөгжүүлэх боломж байгааг судалж, иргэдэд илүү хурдан хүргэх, мөн үнийн хувьд ч хямдруулах тал дээр ажиллах болно. Мөн норм, дүрэм боловсруулах үйл ажиллагаа өөрөө зөвлөх үйлчилгээгээр явагддаг. Зөвлөх үйлчилгээ гэдэг нь тендерийн нэг хэлбэр. Тэгэхээр норм, дүрэм, зөвлөх үйлчилгээний тендер энэ бүгд нээлттэй болно.
Мөн бид боловсруулалт дууссаны дараа цахим болон шууд сургалтуудыг зохион байгуулдаг. Цахим хуудас нээснээр сургалтуудаа цахимаар байршуулж байгаа” гэлээ.
Барилгын норм, нормативын цахим хуудсаар дараах мэдээллүүдийг авах боломжтой.
- Норм нормативын хэлтсийн үйл ажиллагаатай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичиг
- “Барилга байгууламжийн норм, нормативын сан”-гийн хөрөнгөөр боловсруулагдах ажилд холбогдох байгууллагаас авч буй санал
- Саналын үндсэн дээр боловсруулагдан батлагдсан жилийн төлөвлөгөө
- Төлөвлөгөөний дагуу зарлагдаж байгаа зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй бүртгэлийн зар
- Төлөвлөгөөт ажлын техникийн даалгаврын төсөл
- Сонгогдсон гүйцэтгэгчийн боловсруулан ирүүлсэн баримт бичгийн төсөлд өгч байгаа олон нийтийн нээлттэй санал асуулга
- Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлын жагсаалт, шийдвэрлэлтийн байдал
- Батлагдсан баримт бичгийг салбарын мэргэжилтнүүдэд түгээн дэлгэрүүлэх сургалт түүнтэй холбогдолтой видео хичээл
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон шинээр батлагдсан, хүчингүй болсон норматив баримт бичгийн мэдээлэл
- Барилга угсралтын ажлын үнийн индекс, түүнд хэрэглэгдэж байгаа тодорхой нэр төрлийн материалын үнэ
- Иргэнд тулгарч буй тулгамдсан асуудлын талаарх асуулт хариулт, санал зөвлөмжийн мэдээллийг багтааснаараа цогц үйлчилгээ болох давуу талтай юм.

Сэтгэгдэл (0)