Б.Мөнхбаатар: “Рио Тинто” татварын зарим шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа
- 2018-05-12
- Нийгэм
- 0

Татварын ерөнхий газраас “Рио Тинто” компанид 150 сая ам.долларын татварын акт тогтоосон. Тэгвэл уг шийтгэлийг тус компанийн зүгээс төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэр ч бүү хэл, цаашид уг асуудалтай холбоотойгоор хоёр тал Арбитрын шүүхэд очиж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ талаар “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүний тодорхой хэсгийг тус компани хүлээн зөвшөөрч байгаа ч татварын 25 шийтгэлээс 21-д нь маргаан үүсч байна. Менежментийн төлбөрөөс татвар авах, Монголын талын хувь нийлүүлэгчдийн 34 дээр зээлийн хүү суутган татвар авах гэх мэт татварын асуудлыг тавьсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас татвартай холбоотой асуудалд хэлэлцээрийн ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт гурван яам, долоон агентлагийн төлөөлөл багтан ажиллаж байна.
“Рио Тинто”- гийн талаас төлөөлөл ирээд уулзаад явж байна. Нэг үгээр хэлбэл, Монголын талаас татвараас авах, нөгөө талаас татвараа төлөхгүй гэсэн байр сууриа хамгаалсан мэтгэлцээн болох байх. “Рио Тинто”-гийн тал хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн суурь хэд хэдэн асуудлыг зөрчсөн гэсэн байдлаар маргаан өрнүүлэх байх. Харин бидний талаас хамгаалж ярьж таарна. Хэрэв тохиролцож чадвал асуудлаа шийднэ, чадахгүй бол Арбитрын шүүхэд очих байдал үүсээд байна. Талууд ажлын 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Арбитрт очих байх. Бид аливаа зүйлийг том утгаар нь харах хэрэгтэй байна. “Рио Тинто” 150 жилийн түүхтэй компани. 1850 онд байгуулагдсан, Манжийн төр, Монголын төр, ардчилсан төрийн үеийг даван туулсан гэсэн үг. Ийм хэмжээний туршлагатай компанитай бид ажиллаж байна. Тэгэхээр бид асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй. Одоо 30 орчим хоног өнгөрөөд байна. Хугацаандаа хоёр тал ойлголцож чадахгүй бол Арбитрт очдог зохицуулалттай юм билээ” гэв.
М.ӨНӨРӨӨ

Сэтгэгдэл (0)