Б.Баатархүү: "Гэр хороолол хөдөлгөөн"-ий жагсаалыг хуулийн дагуу албадан тараасан

"Гэр хороолол хөдөлгөөн" ТББ-аас өчигдөр Д.Сүхбаатарын талбайд майхантай жагсаал хийсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус жагсаалыг албадан тараажээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Өчигдөр буюу 2018 оны  тавдугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд "Гэр хороолол хөдөлгөөн" ТББ-аас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан. Энэ жагсаал нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал, цуглааныг нэн даруй зогсоож, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх тухай "Гэр хороолол хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 30/3152 албан шаардлагыг хүлээлгэн өгсөн. Мөн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нараас 6 удаа амаар уг хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тухай шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй.

Ингээд тавьсан шаардлагыг хүлээж аваагүй учраас өчигдөр орой 21:50 цагт "Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгсөн шаардлагын хугацаа дууссан тул бүртгэлгүй цуглааны үйл ажиллагаагаа сайн дураараа тараах талаар анхааруулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан" хэмээн хэллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)