Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгоно

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын таван гишүүний санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тус хуулийн үйлчлэл жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлогоотой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамаатай юм. Хуулийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлж өгчээ. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгоно. Хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болно.

Жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар хуульд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, гишүүдийн зүгээс 800 мянга гаруй ажилтантай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн бодлого, дэмжлэг дутагдаж байгааг онцолж байв. Мөн энэ салбарынхны бараа, бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг төрийн бодлогоор дэмжих, гарааны бизнесээ эхлүүлж буй өрхийн үйлдвэрлэлд барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгож ядуурлаас гаргахад анхаарах, Төрийн банкаар дамжуулан зээлийг бага хүүтэй, урт хугацаанд олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай талаар санал хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр “Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд банкнаас зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авахаар тусгасан” гэлээ. Мөн хуулийн үйлчлэх хүрээнд нийтийн хоолны салбар хамрагдсаныг дурдаад жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой буюу сүлжээ ресторан, хоолны газрууд хамаарагдахгүй гэв. Түүнчлэн төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, согтууруулах ундаа импортолдог, тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэдгийг хэллээ.

ЕРӨНХИЙ САЙД ХӨРС, БЭЛЧЭЭР, ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫН ХАМГААЛЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын нянгийн бохирдлын төвшин 2014 оны байдлаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрч хөрс нянгаар бохирдсон байна. Гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт маш их байгаа бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж ихтэй, нийт хөрсний дээжний 72 хувь нь сульфатын бохирдолтой гарсныг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдав. Монгол Улс 112.7 сая га хадлан, бэлчээрийн талбайтай. Өнгөрсөн оны мал тооллогоор 66.2 сая мал тоолуулсан бөгөөд 100 га бэлчээр, хадлангийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 92 толгой мал ногдож буй аж. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай орны бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай боловч бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтэрч, бэлчээр нөхөн сэргээгдэх боломжгүй болж эрчимтэй доройтоход нөлөөлж байна гэлээ. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах хүрээнд жил бүрийн тариалалтад зориулан тодорхой хэмжээний бордоог Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосны дүнд ургацын хэмжээ 2016 онд 5-10 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Засгийн газар өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаараа Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, тухайн аймгуудын ИТХ-ын санал, хүсэлтэд тулгуурлан долоон аймгийн, 60 гаруй сумын газар тариалан эрхэлж байгаа газар нутгийг тариалангийн бүсээр тогтоосон. Ингэснээр малчид, мал бүхий иргэдийн тухайн баг, сумын нутагт оршин суух эрхийг огт хөндөхгүй бөгөөд гагцхүү газар тариалангийн талбайг талхалж, сөрөг нөлөө үзүүлж байгаа, хариулгагүй, хараа хяналтгүйгээр мал сүргийг тариалангийн талбайд бэлчээхгүй байх тодорхой хязгаарлалтыг тогтоож байгааг Ерөнхий сайд онцоллоо.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛИУДЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Цахим иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, иргэний үнэмлэхийг ашиглан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 96.4 хувь нь дэмжсэн учир төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)