1072 хувьцаа эзэмшигчдэд ирэх онд ногдол ашиг хүртээнэ
- 2018-05-22
- Нийгэм
- 0

“Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцааны талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилготой “Мэдээллийн төв”-ийг өөрийн байрандаа нээн ажиллуулж эхэллээ. Тус төв нь компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хүнд сурталгүйгээр хүргэх, мөн 1072 хувьцаатай холбоотой мэдээллийг Монголын хөрөнгийн бирж, СЗХ-той хамтран иргэдэд нэг цэгээс шуурхай хүргэх аж. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Компани болон хувьцаатай холбоотой мэдээллийг “Мэдээллийн төв”-өөс иргэдэд хурдан, шуурхай хүргэнэ. Мөн шилэн дансыг ил тод болгоно. Таван сая төгрөгөөс дээш зардлыг шилэн дансанд байршуулна. Ард түмний компани нээлттэй, шилэн байх ёстой. Үүнийг бид ажил гэхээсээ илүү үүрэг гэж харж байгаа. Өнөөдрөөс эхлэн мэдээллийг шат дамжлагагүйгээр нэг цэгээс олгодог боллоо” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн компанийн талаар мэдээлэл өгсөн юм. “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 15.3 сая куб метр хөрс шилжүүлж, 2.9 сая тонн нүүрс олборложээ. Мөн 5.1 сая тонн нүүрс борлуулсан байна. Ингэснээр 710 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байгаа аж. 2018 онд 1.2 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн байна. Харин оны эцсийн байдлаар 1.4 орчим төгрөгийн борлуулалтын орлоготой байх эерэг төлөв гарчээ.
Өнгөрсөн онд 400 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн ашигтай байх төлөвтэй байгаа аж. Ингэснээр нэг хүнд ногдох ногдол ашгийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна. 2019 онд 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. Түүнчлэн тэнд “Эрдэнэс Тавантолгой” компани борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр гурван төрлийн ажил хийхээр төлөвлөжээ. Тус компанийн төлөөлөл энэ сарын дундуур “Чалко” компанитай нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт зохион байгуулсан байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт 59.3 ам.доллар байсан үнийг 60 ам.доллар болгожээ. “Чалко” компаниас өнөөдөр ирүүлсэн мэдээллээр 60.5 ам.доллартай байгаа бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зөвхөн Цанхийн зүүн уурхайн нүүрсний үнийг 1.3 ам.доллараар нэмэгдүүлжээ. Цаашид Цанхийн баруун уурхайн нүүрсний үнэ 1.3 ам доллар болж өснө гэдгийг компанийн удирдлага онцоллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ нүүрсний ачаа эргэлт буюу нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн. Үүний хүрээнд Гашуун сухайт боомтоор өдөрт нүүрс тээвэрлэсэн 400 гаруй автомашин нэвтэрч байсныг 950-1170 болгон нэмэгдүүлсэн байна. Мөн “Эрдэнэ Тавантолгой” компани нүүрс тээвэр эрхэлдэг компаниудтай хариуцлагын гэрээ байгуулсан байна. Ингэснээр нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн даатгал, кэмп, ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйн асуудлуудыг шийдэж байгааг дурдлаа. Түүнчлэн Засгийн газраас нүүрс тээврийн жолооч нарын эрүүл ахуй, ажиллах нөхцөлийг сайжруулах талд санаачилгатай ажиллах үүргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид өгсөн. Үүний хүрээнд тус компани Цагаан хадны боомтод 1000 автомашины зогсоол байгуулах болон 16 километрийн зайд нүүрс тээврийн компаниудад зориулсан амралт, мэдээлэл, үйлчилгээний төвийн дэд бүтцийг байгуулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ мэтээр нүүрс тээврийн нэвтрүүлэх нөхцөлийг сайжруулснаар 2019 онд 14.5-15 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
М.ЭНХ

Сэтгэгдэл (0)