Аж үйлдвэрийн IV хувьсгалд Монгол Улс шилжих нөхцөлийг Цахим бодлогын түр хороо бүрдүүлнэ

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолыг батлав. Тус хороо нь УИХ-ын бүтцэд, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Тогтоолын төслийг батлах чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр нарын гишүүн блокчэйн технологид суурилсан цахим технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх, мэргэшсэн шилдэг мэргэжилтнүүдийг энэ ажилд татан оролцуулах, мэдлэг чадвараа шингээж, нэгэнт бий болгосон бүтээгдэхүүүнийг нь авч ашиглах, хууль эрх зүйн зохицуулалтуудыг хугацаа алдалгүй хийх, төрийн үйлчилгээг энэ технологоор дамжуулан ил тод, шуурхай, нээлттэй болгох, мэдээллийн сүлжээ, техник технологийг шинэчлэх, Түр хорооны үйл ажиллагааг Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулах зэрэг саналыг хэлэв. Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолыг батлах эсэхэд санал хураахад оролцсон 60 гишүүний 46 нь буюу 76.7 хувь нь дэмжив.

Тогтоолыг ийнхүү баталсны дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Цахим бодлогын түр хороо байгуулах асуудлыг УИХ-аар гурван долоо хоног ярилаа. Түр хороонд орж ажиллах санал гаргасан гишүүдийг оруулж, 26 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Одоо богино хугацаанд үр дүн гаргаж, олон түмэндээ харуулах хэрэгтэй байна. Мэдээлэл технологийн салбарын хөгжлийг ашиглаж улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдэх, хөгжлийн шинэ гарцуудыг нээх боломж бололцоог бүрдүүлэх талаар хичээж ажиллахыг Түр хорооны гишүүдэд хүсье. Монголд бий болж буй шинэ бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, сурталчлах, худалдан борлуулахад Түр хороо дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Миний санаж байгаагаар Монголд үйлдвэрлэж буй 7200 бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах GSP+ хэмээх хөнгөлөлтийн эрх эдлэх гэрээ хэлэлцээрт манай улс хамрагдсан. Энэхүү гэрээг хоёр жил тутам сунгаж байгаа. Гэсэн хэрнээ Европын зах зээлд Монголын нэртэй ердөө 5-6 бүтээгдэхүүн гардаг, үндсэндээ 7200 бүтээгдэхүүний жагсаалт л байсаар байна. Нөгөө талаар төрийн ажил үйлчилгээг цахимжуулах талаар бид олон жил ярилаа. Арваад жилийн өмнөөсл E-government гэж ярьж, онлайнаар лиценз зөвшөөрөл олгох тухай ярьсан. Харамсалтай нь үр дүн бага байна. Түр хороо байгуулж, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулдагболсноор төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, ил тод, маргаан будлиангүй болгох чиглэлдэрс өөрчлөлт гарна гэдэгт итгэж байгаа шүү. Түр хороо байгуулах асуудлыг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байх үед хамгийн их анхаарал татсан асуудал нь цахим мэдээллийн хэрэглээ, аюулгүй байдал байсан. Энэ чиглэлээрх хууль эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх талаар Түр хороо анхаарал тавьж ажиллаарай” гэв. Цахим бодлогын түр хороо байгуулж, цахим технологийг үйлчилгээ, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Аж үйлдвэрийн IV хувьсгалд Монгол Улс шилжих шинэ нөхцөл бүрдэнэ гэж УИХ үзэж байна.

М.ӨЛЗИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)