Гэртээ хар тамхины ургамал тарьж байсан иргэнийг баривчилжээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М өөрийн шалгаж байсан хэргийн холбогдогчоос хахууль авсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, АТГ-т шилжүүлсэн. Мөн он гарсаар сахилга хариуцлагын зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчид дотооддоо дэг журам сайжруулах, хууль тогтоомж зөрчдөг аливаа асуудалтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон замын цагдаагийн асуудлыг холбогдох харьяаллын дагуу шилжүүлсэн. Бид дээрх асуудалтай эвлэрэхгүй, тэмцэж ажиллаж байна. Цагдаагийн төв байгууллагын дотоод хяналт шалгалтын 126 дугаарын тусгай утас, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас, твиттер хуудаст цагдаагийн алба хаагчтай холбоотой хээл хахууль, хүнд суртал, зүй зохисгүй үйл ажиллагааны талаар 24 цагийн турш мэдээлэл ирүүлэх боломжтой. Бид мэдээллийг хүлээж аваад хуулийн дагуу холбогдох ажиллагаа явуулна.

Мөн энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч, хурандаа ноцтой зам тээврийн осол гаргасан гэсэн ташаа мэдээлэл цацсан. Шалгаад үзэхэд 2007 онд тэтгэвэрт гарсан дэд хурандаа цолтой хүн байсан. Зам тээврийн осолтой холбоотой энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Үүнд цагдаагийн алба хааж байсан хүн гэдэг утгаараа давуу эрх олгох асуудал байхгүй. Хууль тогтоомжид заасны дагуу шалгаж шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа хэрхэн шийдвэрлэсэн талаараа та бүхэнд эргэн мэдээлэх болно” гэв. Түүнчлэн тэрбээр гэртээ мариухан ургуулж байсан этгээдүүдийг баривчилсан талаар мэдээллээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ сард Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман үйлдлийг илрүүлэн, таслан зогсоожээ. Энэ сарын 22-нд хар тамхины ургамал болох мариуханыг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан 23 настай Б, 28 настай Т нарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж гэрээс нь их хэмжээний мансууруулах төрлийн ургамал хураан авсан байна. Мөн энэ сарын 25-нд 41 настай О, 36 настай А, Т нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байхад нь дайчлан баривчилжээ. Шалгагдаж буй Т, А нар нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан бол О нь хар тамхины хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг этгээд байжээ.

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.179.27.223)

    2018-05-30

    Манай улс цаазын ялыг яаралтай сэргээж хар тамхины хэрэгт оноох хэрэгтэй Ирээдүйгээ хамгаалж , залуучуудаа хар тамхинаас хол байлая гэвэл хатуу хуультай байж энэ талын тэмцэлийг байнга хийж голомтуудыг устгах хэрэгтэй

  • Довчин (103.9.90.51)

    2018-05-30

    Энэ зөв хэлжээ. Нэрээр нь шууд зарлаж бай. Энэ арга нь гэмт хэрэг буурахад шууд нөлөөлнө. Нууц хадгалж байна. Хүний нэр хүндэд халдаж болохгүй гэсэн оновчгүй үндэслэлээр нэрийг нуух нь тун буруу. үйлдэл дээр нь барьсан бол шууд нэрийг зарлаж бай. Бусад нь сэрэмжлэхэд нөлөөлөх сайн талтай. Соц-т аргаасаа салаач ээ.

  • htt (202.21.117.62)

    2018-05-30

    Т гэж тамир яах гэж үсгээр дууддаг байнаа нэгэнт хийсэн хэрэгтэй хүнийг олонд нэрээр нь зарлаж байгаач ээ хэрэг замхаруулах арга уу

  • Зориг (183.177.97.14)

    2018-05-30

    Мафийн зохион байгуулалттай болчихсийм байна даа. Өөрсдийг нь хамгаалдаг цагдаа, прокурор, өмгөөлөгчтэй, ургуулдаг, оруулдаг, түгээдэг гээд л энэ хар тамхичид даварч байна шүү? Хар тамхитай орооцолдогсод дандаа давтан байх юм. Шийтгэл оноохгүй, албадан тууштай эмчилгээ хийхгүй болохоор арга ч үгүй юм байх даа.Эсвэл энэ хууль сахуулагчид 1-г илрүүлж цол, тушаал нэмчихээд, тэр хүнээ гаргаж ахиж хэрэг хийхийг нь хүлээж байгаад барьж тушаал дэвших хэрэгсэл болгоод байна уу?