Улсын төсвийн зарцуулалтыг иргэд хянана

Төсвийн үйл явцад иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах зорилгоор “Иргэдийн төсөв” товхимлыг Монгол Улс анх удаа боловсруулан гаргажээ. АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр Сангийн яамнаас боловсруулж гаргасан “Иргэдийн төсөв-2018” товхимлыг өчигдөр албаныхан танилцууллаа. 2018 оны Монгол Улсын төсөв, түүнд туссан төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөр зэргийг иргэдэд хамгийн ойлгомжтой хэлбэрээр зурагжуулан, тайлбартай оруулсан “Иргэдийн төсөв-2018”-ыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох албаны хүмүүс танилцуулав. Тэрбээр “Энэ бол зөвхөн ном биш. 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихад иргэдийн оролцоог бүрэн хэмжээгээр хангах зорилготой. У

ИХ-аар төсөв батлахад нэг их тоо ярьдаг, төсөв захирагч нарт оногддог тоо, хаана ямар хөрөнгө оруулахыг хэлээд л үндсэндээ дуусдаг. Өөр мэдээлэл байдаггүй. Тэгвэл энэ товхимлоос татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулж байгааг тодорхой харж, танилцаж болно. Тухайлбал, товхимолд хүүхдэд зориулан хэрэгжүүлэх 1.5 их наяд төгрөгийн төсөвтэй 12 бодлогыг бүрэн танилцуулсан байгаа. Төсвийн орлогын зургаан төгрөг тутмын нэгийг үүнд зарцуулдаг. Энэ мэтчилэн энгийн ойлгомжтой хэлбэрээр төсвийг иргэдэд хүргэж байна. Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас Монгол Улсын төсвийн ил тод байдалд үнэлгээ өгсөн байдаг. Одоогоор дэлхийн 100 орноос 46 дугаарт жагсч байна. Дунджаас хоёр оноогоор дээгүүр явж байна. Гэхдээ бид цаашид татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, төсвийг оновчтой зөв зохиоход ард иргэдийн оролцоо их чухал. 2019 оноос энэхүү товхимол Төсвийн хуулийн нэг хэсэг болж хамтдаа батлагдан явах болно” гэлээ. “Иргэдийн төсөв” товхимол нь үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд эдийн засаг, санхүү төсвийн талаарх үндсэн ойлголтыг Монгол Улсын 2018 оны төсвийн мэдээллээр жишээ болгон инфографик хэлбэрээр энгийн ойлгомжтой хүргэхээр зорьсон байна. Товхимлыг хэвлэмэл байдлаар авч болохоос гадна цахим хэлбэрээр Сангийн яамны http://www.mof.gov.mn http://www.iltod.gov.mn хуудаснаас авах боломжтой юм байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)