Хүүхдийн төлөө анхаарч, зохих шийдвэр гаргасан долоо хоног
- 2018-06-04
- Нийгэм
- 0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1 өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд олон сайхан, гэгээлэг үйл явдал өрнөв. Швейцарь улсын Женев хотноо 1925 онд чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалга гаргаж, жил бүрийн энэ өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарлажээ. Энэ түүхэн үйл явдлаас хойш хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 93 дахь удаагаа тэмдэглэж байна. Монгол Улс ч дэлхийн соёл иргэншилтэй мөр зэрэгцэн 1952 оноос эхлэн 66 дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаан хайраа бүтэн зориулах баярт мөчийн нэг болгон гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон анхаарч, энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. Өнгөрсөн долоо хоногт хүүхдэд зориулсан ямар томоохон арга хэмжээ болсон, тэдний төлөө гаргасан шийдвэр зэрэг онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
ИРЭЭДҮЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ СҮҮГЭЭР МЯЛААВ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээ болж, УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар оролцож, үг хэллээ. Тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан шилдэг 50 хүүхдэд энэ үеэр бэлэг гардуулав. УИХ-ын дарга М.Энхболд “Энэ оны нэгдүгээр сард “Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга”-ыг гаргасан. Учир нь, хүүхэд багачуудын 80-90 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байна. Сүү их хэрэглэсэн хүүхэд бие бялдар өсгөлүүн, чадал тэнхээтэй болдгийг бидний үеийнхэн мэдэх билээ. Тиймээс амин дэм ихтэй, монгол цэвэр сүүгээ хүүхдүүддээ хэрэглүүлж заншихыг эцэг, эхчүүддээ захиж байна” гэлээ. Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1.2 сая нь хүүхэд учраас улс орны хойч үе болсон бяцхан үрсэд сүү, тараг бэлэглэсэн бөгөөд мөн энэ өдөр Дэлхийн сүүний өдөр давхацсан юм. Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ, манай улсын хувьд Монголын сүүний нэгдсэн холбооны санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ХХААХҮЯ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага болон сүү үйлдвэрлэгчид оролцлоо. Стратегийн хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүн хүний биед нэн шаардлагатай амин дэм болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисыг агуулдаг. Монгол хүний хараа хурц, шүд бөх, бие чийрэг, дархлаа сайтай байдаг нь монгол малын сүү, цагаан идээгээ ихээхэн хэрэглэж байсантай холбоотой аж.
С.Батболд: Хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургахын төлөө ажиллана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн ЗДТГ-аас “Монгол хүүхдүүд” арга хэмжээг мөн зохион байгууллаа. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон хүүхэд багачууд, иргэд оролцлоо. Баярын үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ арга хэмжээ нэг талаасаа хүндэтгэлийнх, нөгөө талаасаа хүүхдээ дээдэлж, эрхийг нь хамгаалах асуудлыг төр засаг хэзээ ч орхихгүйг нотлон харуулдаг. Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болохын төлөө зорьж, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаараа “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болгосон. Хүүхдийн эрх ашиг хаана хөндөгдөж байна тэнд хот, хотын харьяа төрийн байгууллагууд хүрч ажиллахыг эрмэлзэж байна. Түүнчлэн хүүхдийн сурах, хүмүүжих, тоглох орчныг сайжруулахын төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтран энэ онд сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг өргөтгөн, шинэчлэхэд өмнөх жилүүдэд байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадсан. Мөн хотын даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн орчинд ганц сөөм газрыг хувь хүн, аж ахуйн нэгжид олгохгүй байх шийдвэр гаргалаа. Ингэснээрээ хүүхдүүд аюулгүй, тайван амгалан орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн тэдний эрүүл мэндэд анхаарч хүүхдийн эмнэлгийн тоог улс, нийслэлийн төсөв, гаднын төсөл хөтөлбөрөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 35 хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Хүүхэд бүр өнөөдрийнх шиг инээд хөөрөөр дүүрэн, сэтгэлд нь гэрэл гийж байгаасай гэж хүсч байна” хэмээв. Уг арга хэмжээнд монгол үндэсний дуу хөгжмөөс бүрдсэн, олон улсын бяцхан миссийн уралдааны шагналтнуудын тоглолт, “Муурын байшин”, “Чоно ба долоон ишиг” зэрэг шилдэг жүжгийг хүүхэд багачууддаа толилуулахын сацуу үндэсний үйлдвэрлэгчид худалдаа хийж, үйлчилгээ үзүүлсэн юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болов
Олон нийтийн анхаарлыг татсан нэг зүйл бол хүүхдийн мөнгөний асуудал байлаа. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт биш харин зорилтот бүлгийн хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болов. Тодруулбал, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн үзэл баримтлалыг алдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм. Уг төслийн нэг дэх заалтад мэдээллийн санд бүртгэсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлнээр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах талаар тусгажээ. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжиж баталсан юм. Ийн олон нийтийн анхааралд байсан асуудлыг шийдвэрлэв.
Унаач хүүхдийн хувцас, хэрэгслийн стандартыг шинэчлэн сайжрууллаа
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартын үндэсний зөвлөл тавдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага буюу MNS 6264:2018 стандартыг баталлаа. Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний тогтоол, Шадар сайд Ө.Энхтүвшиний хоёрдугаар сарын 8-ны тушаалыг үндэслэн тухайн үед мөрдөж байсан MNS 6264:2011 стандартыг тооцоо судалгаанд тулгуурлан шинэчлэн сайжруулах ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Тухайлбал, хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, гэмтэл, бэртэл болон шинэчлэхээр зорьж буй стандартын шинжлэх ухаан техникийн төвшинг олон улс, бүс нутгийн болон гадаад орны ижил нэрийн дэвшилтэт стандартын төвшинтэй харьцуулсан зэрэг олон судалгааг орон даяар явуулж дүнг нэгтгэжээ. Үүний дараа Сандартын үндэсний зөвлөл шинэ стандартыг боловсруулан баталсан байна. Ингэснээр унаач хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавих мөрдлөг тодорхой болохын зэрэгцээ шаардлага нь илүү нарийсчээ.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)