Улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулжээ
- 2018-06-13
- Нийгэм
- 0

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг сонсов. Ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 10-ны хооронд ахмадын болон түрээсийн орон сууцад хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхийг шалгахаар нийт таван удаа газар дээр нь очиж танилцжээ. "Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 2015-2021 оны хугацаанд 20 мянган өрхийг хамруулна гэж заасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.
“ТОСК” ТӨҮГ-ын захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталжээ. Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав түрээсийн орон сууц зорилтот бус зорилготой иргэдэд хүрч буй талаар шүүмжлэхийн сацуу журам нь иргэддээ хүрсэн эсэх талаар тодруулж, мөн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. Ажлын хэсгээс ТОСК-ийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдах нь дутмаг хэдий ч өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн УИХ-ын гишүүний байр суурьтай санал нэг байгааг хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг түрээсийн орон сууцтай холбоотой асуудал нь холбогдох яам, ТОСК-той мөн Монголбанк, Сангийн яамтай нэгдмэл үйл ажиллагаатай байх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
М.Энх

Сэтгэгдэл (0)