Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан иж бүрэн төхөөрөмжтэй болно

Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн хүрээнд ХНХЯ, Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы орчуулга, үсгэн, дуут тайлбарыг Монголд нэвтрүүлэх семинар боллоо. Монгол Улсын Засгийн газар 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцид нэгдэн орсон. Өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ, чадавхад үндэслэн тусгай ажлын байр бий болгох, тэдний боловсролын төвшин, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах шаардлагатай байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход тулгардаг гол бэрхшээл нь орчны болон мэдээллийн хүртээмжийн асуудал байдаг. Эдгээр саад бэрхшээлийг багасгахад чиглэсэн дэвшилтэт арга технологи хангалтгүй, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудын чадавх сул, үйл ажиллагаа нь тогтворгүй байдгаас шалтгаалан нийгмийн оролцоог бодитоор хэрэгжүүлэх боломжгүй, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоонд саад болж байгаа хүчин зүйлүүдэд дэд бүтэц, нийгэм, сэтгэл зүйн сөрөг хандлага, мэдээлэл харилцаа холбоо, хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг төслийн хамт олны зүгээс хэлж байна.

Төслийн зорилго нь Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих тогтолцоог бэхжүүлэх явдал юм. Энэхүү цуврал семинар, үнэлгээний ажлын үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд “Телевизийн мэдээндээ дохионы хэлмэрчтэй цөөхөн телевизтэй бөгөөд дүрс жижигхэн учраас харахад хэцүү, үсгэн тайлбар байдаггүй” гэх асуудлуудыг гаргаж тавьсан байна. Энэ удаад Япон улсаас зөвлөх Кавамура Хироши, Кейо их сургуулийн профессор Кавамори Масахито болон ASTEM ХХК-ийн төлөөлөл хүрэлцэн ирж, телевизийн нэвтрүүлэгт дохионы орчуулга болон үсгэн тайлбар оруулдаг Set Top Box төхөөрөмжийн танилцуулгыг хүргэж, дохионы орчуулга, үсгэн болон дуут тайлбарыг Монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, орчин цагийн технологийг бодитоор туршин үзүүллээ. Энэхүү Set Top Box нь хэд хэдэн хэлээс сонголт хийсэн тохируулгатайгаар өөр суваг сольсон ч тэр хэвээр үзэх боломжтой, яриаг автоматаар үсэг тайлбар болгож гаргах, телевизийн дэлгэцнээс гадна өөр дэлгэцэн дээр үсэгт, тайлбар гаргах, үсэгт тайлбар дэлгэцэнд гаргах хугацаа тохируулах боломжтойгоороо онцлог бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эх үүсвэр болох төдийгүй Монголд хангалттай нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эх үүсвэрийг бүрдүүлнэ гэдгийг хэлж байна.

Б.Пүрэвдулам

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)