Ч.Мөнгөндалай: Амжилтаа ахиулж, илүү өндөрт гарахыг хүсч байна

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч шантарч бусдаас тусламж гуйж байгаагүй сэтгэлийн хаттай Ч.Мөнгөндалайг монголчууд андахгүй. Монгол орноор дугуйтай тойрон аялал хийж, Отгонтэнгэр хайрханд авирч, Хөвсөл нуур руу явган аялал хийж, мөнх сарьдаг оргилд авиралт хийсэн туршлагатай тэрбээр хэн нэгнийг надад туслаач хэмээн хошуу цорвойж байсан удаагүй. Ч.Мөнгөндалай халамжийн тэтгэмжээ цуглуулан мөрөөдөлдөө хүрэх алхмаа хийснээр өнгөрсөн сард Монгол Улсынхаа төрийн далбааг Эльбрусын оргилд хатгажээ.

Тэрбээр эльбрусын оргилд авирсан Монголын хөгжлийн бэрхшээлтэй анхны иргэн юм. Ч.Мөнгөндалайтай цөөн хором ярилцлаа.

-Эльбрусын оргилд гарах үед цаг агаар ямар байсан бэ?

- Маш хэцүү шуургатай байсан учраас шөнө амралтгүйгээр дөрвөн удаагийн оролдлого хийж байж авиралтаа амжилттай дуусгасан. 05.30 минутад яг оргилд нь гарсан. Энэтхэг, Оросын тамирчид манай багт багтаж байсан. Надад олон хүн сэтгэлийн их дэм хайрлаж байсанд талархаж байна.

-Оргилд гарсан үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Үүлэнд гарсан мэт гайхалтай мэдрэмжийг авч чадсан. Эльбруст авирахад их айдастай байсан. Гэхдээ энэ айдсаа даван туулсандаа баяртай байна. Анх удаа онгоцонд сууж, гадаад руу явж үзлээ.Онгоц хөөрч, буухад их сонин мэдрэмж төрдөг юм билээ.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би цахилгаанчин мэргэжилтэй. Гэтэл намайг хөгжлийн бэрхшээлтэй гээд ажилд авахаас татгалзсан. Тиймээс би хүсэл мөрөөдлөө гүйцээхийн төлөө ууланд авирч, дугуйн спортоор хичээллэж эхэлсэн.

-Дараагийн зорилго тань юу байх бол?

-Өөрийгөө хөгжүүлэн 6000- 7000 метрт гарах зорилго тавьсан. Амжилтаа ахиулж, илүү өндөрт гарахыг хүсч байна.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)