Азийн наадамд чөлөөтийнхөн амжилт дүүрэн байлаа
- 2018-08-23
- Спорт
- 0

Индонезийн Жакарта хотноо XVIII дахь удаагийн Азийн наадам болж байна. Тус наадмын чөлөөт бөхийн төрөлд 29 орны 174 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жингийн ангиллаар өрсөлдөв. Манай бөхчүүд бүтэн багаараа Жакартагийн дэвжээнд зодоглосноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг- ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа Индонезид эгшиглүүлсэн. Тэд чөлөөт бөхийнхнөөс Азийн наадамд түрүүлсэн 11, 12 дахь тамирчин болсон юм.
Чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол энэ болсон юм. Тэднээс өмнө 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар аваргалж байв. Наадмын дөрөв дэх өдөр Азийн наадмын буудлагын 50 метрийн гурван төрөлд Г.Нандинзаяа аваргын алт, мөн энэ төрөлд Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. Мөн урьдчилсан буудлагад Г.Нандинзаяа 1175 оноо авч Азийн наадмын рекордыг шинэчлэн тогтоосон байна. Ийнхүү Монгол Улс нийт есөн медальтайгаар 45 орноос есдүгээр байрт жагсч байгаа юм.
Г.СҮРЭН

Сэтгэгдэл (0)