Ж.Батбаясгалан: Нийслэлээс "Coal Mongolia" чуулганаар хөрөнгө оруулагчдад шинэ боломжийг танилцуулна
- 2018-09-03
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалантай ярилцлаа.
-Маргааш эхлэх “Coal Mongolia” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад нийслэлээс анх удаа оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хагас өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон. Нийслэлийн зүгээс ямар асуудлуудыг танилцуулах вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь түүхий нүүрсний хэрэглээтэй нягт холбоотой. Тухайлбал, агаарын бохирдлын 80 хувь нь төвийн дэд бүтцэд холбогдоогүй, гэр хорооллоос үүдэлтэй байна. Дээр нь, 3000 орчим халаалтын зуух нөлөөлж байна. Зоригтой бөгөөд том өөрчлөлт хийхгүй бол бидний дулаан, эрчим хүчээ хангаж байгаа гол эх үүсвэр нь эрүүл мэндэд хортой, аюул заналхийлж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлп бодит арга хэмжээ авах ёстой. Засгийн газар, УИХ, нийслэлийн зүгээс хамтран түлшний бодлогоо өөрчлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ яаж илүү үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдгээ “Coal Mongolia” чуулганд танилцуулна. Мөн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлууд болон хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл, боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг дээр харилцан ярилцах зорилготой юм.
-Энэ өвлөөс сайжруулсан түлш түлэх шийдвэр гарсан. Гэхдээ нөгөө талд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж байгаа вэ. Нийт хэрэгцээг хангасан түлш үйлдвэрлэх технологи болон хөрөнгийн бололцоо хэр байгаа вэ?
-Сайжруулсан шахмал түлш бол шинэ зүйл огт биш. Монгол Улсад мөрдөж байгаа чанар стандартаар түлш үйлдвэрлэх бүх ажил явагдана. Өнгөрсөн хавраас ахуйн хэрэглээний зуухны стандарт мөрдөгдөж эхэлсэн. Улаанбаатар хотын хориглосон бүст сайжруулсан түлш хэрэглэхийг шаардаж байгаа. Энэ бол асар том хэрэглээ болж байгаа. Жишээ нь, тусгай зөвшөөрөл бүхий том станцуудаас бусад нь сайжруулсан түлш хэрэглэнэ гэж заасан. Үүнийг дагаж яаж түүхий нүүрсний хэрэглээг нөхөх вэ гэдэг асуудал яригдаж байна. Холбогдох яамд болон нийслэлийн удирдлагууд түлш үйлдвэрлэгч нартай уулзсан. Мөн үйлдвэрлэгчид энэ чуулганд оролцож, шинэ технологи, боломжоо танилцуулна.
Өнөөдөр төр засгийн шийдвэр, нөгөө талд иргэдийн эрүүл байх гэсэн хүсэл, үйлдвэрлэгч гурав нэг цэг дээр байгаа. Тиймээс аль алиныхаа зорилго, хүсэл тэмүүлэл дээр дөрөөлж бизнес хийхээсээ илүү хамтарч ажиллах зарчим барина. Тиймээс утааг бууруулах ажлыг бизнес гэж харахаасаа илүү төр нь юу хийж, юу зохицуулах вэ гэдэг нь ойлгомжтой бизнес эрхлэгчид ямар стандарт барих ёстой, ямар үйлдвэрлэл эрхлэх ёстойгоо тогтож, дүрэм журмаа дагаж мөрдөх ёстой. Гагцхүү хэрэглэгчдэд ямар нэгэн хүндрэл үүсгэхгүйгээр очих ёстой. Өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хот. Нүүрс түлж болохгүй гэчихээд түүнийг нь орлох түлш байхгүй бол яах вэ. Байлаа ч өмнөх түүхий нүүрснээсээ ялгагдахгүй, хэлбэрийг нь өөрчилсөн зүйл байх вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс энэ асуудал нь бүх оролцогч нарын хамтын ажиллагааны үр дүнд бий болно. Ялангуяа түлш үйлдвэрлэгчид, дээр нь төр засаг, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллана.
-Иргэдийн хувьд түүхий нүүрснээсээ үнэтэй сайжруулсан түлш худалдаанд гарах вий гэсэн болгоомжлол байна. Энэ тал дээр.
-Ер нь хүндрэлтэй хэд хэдэн асуудал бий. Түүхий нүүрсийг үйлдвэрлэлд оруулж, сайжруулаад ирэхээр түлшний үнэнд зөрүү гарна. Энэ чиглэлд зөв шийдвэрүүд гарах ёстой. Энэ асуудлаар холбогдох яамд болон үйлдвэрлэгч хоёрын хооронд ид ярилцаж байгаа.
-Нөгөө талд төр, засгийн зүгээс бодлогын хэрэгжилтдээ хэрхэн тавих хяналт тавих вэ?
-Засгийн газрын 62 дугаар тогтоол гарахаас өмнө нэлээд хэдэн хуульд өөрчлөлт орсон. Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрээс авдаг татвар хураамжийг нэмсэн. Өмнө нь Цэвэр агаар санг татан буулгасан байсан. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Агаарын бохирдлыг бууруулах сан ажилд орно. Агаар бохирдуулагч эх үүсвэрээс орж байгаа татвар хураамж энэ санд төвлөрнө. Энэ санд төвлөрсөн хөрөнгийг зөвхөн агаарын бохирдолд зарцуулна. Тиймээс гурван талын хамтын ажиллагаа маш чухал. Хэрэглэгчид чанартай бөгөөд сайн түлш хэрэглэнэ. Хэрэглэгч өөрөө агаар бохирдуулж байгаа ч нөгөө талдаа бас л хохирогч. Тиймээс байгаль орчинд ээлтэй технологи, түлшийг хэрэглэх асуудал дээр үүрэг хүлээх ёстой. Төр засгийн шийдвэрийг дагах ёстой. Эрүүл мэндэд нь хохирол багатай, эдийн засгийн талаасаа өмнөхөөсөө илүү мөнгө төлөхгүй байх ёстой. Үйлдвэрлэгчдийн хувьд мөн л нийгмийн өмнө хариуцлагаа хүлээж байгаа. Дээр нь давхар, хөнгөлөлт урамшууллын асуудал яригдаж байгаа. Үйлдвэрлэгчдэд эхлээд түүхий эдийг өгье гэж байгаа. Өнөөдөр “Энержи ресурс”-тай гэрээ хийж байгаа. Үйлдвэрлэгчдэд угаагдсан нүүрсийг үнэгүй нийлүүлнэ. Төр бол ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Энэ гурван суурин дээр энэ ажил явах ёстой.
-Нийслэлийн зүгээс “Coal Mongolia” чуулганы үеэр хөрөнгө оруулагчдад ямар боломжуудыг санал болгох вэ. Агаарын бохирдлыг бууруулах шинэ технологиудыг танилцуулах уу?
-“Coal Mongolia”-д анх удаа бүтэн салбар хуралдааныг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өрнүүлэх гэж байна. Ер нь Улаанбаатар хот нүүрстээ тэмцээд агаар орчны бохирдол арилаад сайхан болчихно гэж ойлгож болохгүй. Нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд, төвийн дэд бүтэц шугамд холбогдоогүй учраас өнөөдрийн агаар орчны бохирдол үүсч байна. Тиймээс “Coal Mongolia” чуулга уулзалт дээр уул уурхай, түлшний бодлогоос гадна хэд хэдэн санал тавъя гэж бодож байна. Дэд бүтцийн төслүүд дээр хамтрах хөрөнгө оруулалтын санал тавина. Өнөөдөр манай улсын томоохон баялаг бол яах аргагүй нүүрс. Нүүрсийг шингэрүүлээд хий болгож, агаарын бохирдлоосоо салсан олон туршлага байна. Энэ чиглэлд дэд бүтцийн бие даасан олон санал тавина. Төвийн эрчим хүчийг түгээх бололцоогүй газар хийгдэж байгаа Сервис сентер төвийн төслүүдийг танилцуулна. Мөн хатуу түлшээр ажиллаж, дулаан түгээдэг технологийг санал болгосон хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломжтой байгаа. Иргэдэд чанартай үйлчилгээг хүргэх бүхий л боломжийг эрэлхийлж, санал тавьж, хөрөнгө оруулагчтай бүтэн өдөр ярилцана.
Бидний зүгээс ийм бэлэн төсөл байна, үүнийг хэрэгжүүлээчээ гэхээс илүү бидний өмнө тулгамдаж байгаа ийм асуудал байна гэдгээ танилцуулна. Энэ нь хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай боломж байхыг үгүйсгэхгүй. Хувийн хэвшлийнхний хувьд төр, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх нь боломж, нөгөө талдаа нийгэм хүлээж байгаа том хариуцлагаа биелүүлж байгаагаа хэрэг. Энэ талаас нь харвал хөрөнгө оруулагчид том санал, боломжийг харуулна. Дээр нь сайн туршлагуудыг танилцуулах боломж гарсан. Coal Mongolia хөрөнгө оруулалтын уулзалт дээр нийслэлийнхээ тулгамдсан асуудалд анхаарч, ярилцах болсонд нь зохион байгуулагчдад талархаж байна.
-Эцэст нь асуухад, энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэр ахиж гарна гэсэн хүлээлттэй байна вэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад дорвитой хэд хэдэн шийдвэрүүд гарлаа шүү дээ. Үр дүн ямар байх вэ?
-Үр дүн гарч байгаа. Гэхдээ өргөс авсан юм шиг тунгалаг сайхан агаартай болно гэж хэлж чадахгүй. Харамсалтай нь бидний хүсч буй үр дүнд хүргэхүйц хөрөнгө, боломж хязгаарлагдмал байгаа. Өнөөдөр хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Гэтэл төсвөөс гаргаж байгаа хөрөнгийн хэмжээг харвал хангалтгүй. Төсвөө харвал өнөөдрийн хүсч байгаа үр дүнд хүрэх ямар ч боломж байхгүй. Гэхдээ төр бүх талаас нь боломжит бүх л арга, технологийг ашиглах ёстой.
Алс хэтийн том зорилт бол иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр. Дунд хугацаандаа түлшний бодлогыг сайжруулаад явах ёстой. Цаашдаа хийн чиглэлд түлхүү ажиллах боломжууд байна. Хэтийн зорилго бол иргэд нь тогтмол орлоготой, ажилтай, эрүүл л байх ёстой. Орлоготой иргэнд нь банк санхүүгийн байгууллага нь итгэж орон сууцны зээл олгоно шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
М.Мөнхцэцэг

Сэтгэгдэл (0)