Монголын анхны битүү мөсөн талбай бүхий өргөөг байгуулна
- 2018-09-12
- Нийгэм
- 0
Монголд битүү мөсөн талбай барих төслийг “СтеппеАрена” ХХК-ийнхан хэрэгжүүлж эхэлжээ. Уг мөсөн өргөөг барьснаар хоккейн үндэсний шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэх юм. Мөсөн өргөө барих төслийг Улаанбаатар дахь Канадын Консулын газар дэмжиж “СтеппеАрена” ХХК-ийнхантай уулзаж, зөвлөгөө өгсөн байна. Улмаар төслийн удирдагчид Канадын Викториа мужид үйл ажиллагаа явуулдаг “VDA Architecture”, “HDR CRI” зэрэг компанид санал тавьж, зураг төслийн өвөрмөц шийдэл, спорт, үндэсний бахархлыг нэг дор цогцлоосон энэхүү төсөлд хамтрахаар болжээ. Монголд анхны мөсөн өргөөг барих багийн гишүүн Канадын Ванкуверын архитектор Марк Хенц Канад даяар олон нийтэд зориулсан байгууламж, төвийн зураг төслийг боловсруулж байсан туршлагатай нэгэн юм.
Тэрбээр Канадын “Дэлбрүүк” спорт амралтын байгууламжийн зургаараа нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Монголын архитекторууд мөсөн өргөөг байгалийн гэрэлтэй байхаар хийх бөгөөд хойд талыг бүхэлд нь шилээр бүрэхээр зураг төслөө гаргасан байна. Мөсөн өргөөг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас гурван км хүрэхгүй зайд барих бөгөөд онгоцны буудлын загвартай адилавтар аж. Уг өргөөний үзэгчдийн хэсэг нь 2600 суудалтай, тойрог хэлбэрийн зохион байгуулалттай байх юм.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)