Эмгэнэл

Д.ГАРАМЖАВ (1945 - 2018)

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Оюу толгой” ХХК”-ийн зөвлөх геологич Табангууд овогт Дондогийн Гарамжав 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз учирлаа.

Д.Гарамжав 1945 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд мэндэлжээ. 1967 онд МУИС-ийг зураглалын инженер, геологич мэргэжлээр дүүргэсэн.

Чойрын геологийн удирдах газраас ажлынхаа гарааг эхэлснээс хойш 50 шахам жил эзэмшсэн мэргэжилдээ үнэнч зүтгэж, “зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан юм.

Өнгөрсөн хагас зуу жилийн хугацаанд Д.Гарамжав Эрдэнэтийн овоо, Цагаан суварга, дорнод Монгол, Завханы Оюут толгой, Оюу толгойн бүлэг ордод хайгуул, судалгаа хийж, “Эрдэнэт Магма”, “Би Эйч Пи”, “Айвенхоу майнз”, “Оюу толгой” компанид тус тус алба хашиж ирсний дотор сүүлийн 20 гаруй жилийг Оюу толгойн бүлэг ордын хайгуул судалгаанд зориулжээ.

Түүний гавъяа зүтгэлийг Монголын төр өндөр үнэлж, 2008 онд “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор шагнасан.

Д.Гарамжав 1983 оны 4 дүгээр сард анх Оюу толгойд ирсэн бөгөөд Оюу толгойн зэсийн эрдэсжилтийг анх судалж, тэмдэглэсэн билээ. Тэрээр мөн "Ханбогдын шүлтлэг боржингийн хуйлралтын болон эргүүлгэн бүтцийн тухай" судалгааны ажил хийж байв.

Д.Гарамжав 2004 онд Канадын Торонто хотод болсон ёслолын үеэр олон улсын хамгийн нэр хүндтэй “Тейер Линдслэйн нэрэмжит шагнал”-ыг “Оюу толгой”-н ордыг нээлцсэний төлөө хүртсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Монгол хүн болсон юм.

Д.Гарамжав геологийн шинжлэх ухааны олон арван бүтээл бие даан болон хамтран туурвисны зэрэгцээ, өөрийн “Дурсамж - 1” (2014 он), “Дурсамж - 2” (2018 он) номыг тус тус хэвлүүлж, Оюу толгойн орд газрыг нээсэн тухай баримт түшин бичсэн нь үе үеийн геологич, уул уурхайн салбарын мэргэжилтэн төдийгүй энэ салбарыг сонирхдог хэн бүхний унших ширээний ном болжээ.

“Оюу толгой”-гоор овоглодог хүн бүхэн түүнийг үүрд дурсан санаж, үйлс гавьяаг нь үргэлжлүүлэн түүчээлэх болно.

 

“Оюу толгой” ХХК

2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • урлаг судлагч харнууд овогийн Раагийн Баточир (108.231.76.157)

    2018-09-26

    Ерөө сум,Хүдэр,Уялгын хаялгаа нөмрийн унаган хүвгүүн нэр төр,оюун ухааныхаа цараар агуу ихийг бүтээсэнд нь нутаг нугийн ард олон гэгээн дүрий нь мөнхөд дурсаж санаж явах болно.