М.Даваажаргал: Аавынхаа их үйлийг үргэлжлүүлэх нь бидний үүрэг
- 2018-09-28
- Спорт
- 0

Тив, дэлхийн аваргуудыг бэлтгэн төрүүлсэн түүхийг үргэлжлүүлэх “Их шавь” спорт сургалтын төвийн нээлт намрын дунд сарын шинийн 17-ны балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр боллоо. Спорт сургалтын төвийн нээлтэд Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, том хүү М.Батхуяг, аваргын бага хүү мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Дамдиншарав, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү болон үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирсэн байв.
Түүнчлэн бөхийн спортыг дэлгэрүүлэх үйлд хамтран зүтгэж байсан Ж.Мөнхбат аваргын анд нөхөд нь ирсэн байлаа. “Их шавь” спорт сургалтын төвийн нээлтийн ёслолыг хүндэтгэн Хакухо М.Даваажаргал аавынхаа Хөдөлмөрийн баатрын одонг зүүж иржээ. Тэрбээр “Би 19 настайгаасаа барилдсанаас хойш 1000 дахь даваагаа авлаа. 22 насандаа аварга болсноос хойш тооцвол 800 даваа авсан байна. Ийм амжилтаар “Их шавь” спорт сургалтын төвийн нээлтэд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдөр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Аав минь олон хүний багш, хүндлэл хүлээсэн хүн байсан. Өнөөдрийн нээлтэд ирэхдээ аавынхаа Хөдөлмөрийн баатрын одонгоор энгэрээ чимсэн. Аавынхаа их үйлийг үргэлжлүүлэн авч явах нь үр хүүхэд бидний үүрэг. “Их шавь” сургууль өнгөрсөн хугацаанд олон алдартан, мундаг тамирчдыг бэлтгэсэн. Цаашдаа энэ сургуулиас олимпын олон аварга төрнө гэдэгт итгэж байна. 2020 оны олимпын наадам Токиод болно. Тиймээс дахин уулзахын ерөөл тавья” гэв. Энэ үеэр “Их шавь” спорт сургалтын төвийн захирал, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын начин Б.Батжаргал сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Миний аав 1992 онд спортын алдарт зүтгэлтнүүдтэй хамтарч “Их шавь” дээд сургуулийг үүсгэн байгуулсан.

Тэр цагаас хойш дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргасан тамирчин, анхдагчид Монголын өв соёлыг тээж яваа үндэсний бөхийн аварга, арслан болон спортын шилдэг боловсон хүчнийг төрүүлж байсан юм. “Их шавь” спорт төвийн шавыг тавихад аав минь амьд сэрүүн байсан. Бид 2012 онд “Их шавь” дэвжээ болж, бөхийн төрлүүдээр хүүхдүүдийг бэлтгэсэн. Энэ жил бид “Их шавь” спорт сургалтын төв болон барилга байгууламжаа барьж, үүд хаалгаа нээж байна. Бид дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргах тамирчин бэлтгэх зорилготой. Хүүхэд залуучуудыг чөлөөт цагаараа спортоор хичээллүүлэх, олон улсын стандартыг нутагшуулж, багийн спортыг хөгжүүлэх зорилготой ажиллах юм. Аавынхаа үүсгэн байгуулсан их үйлийг үргэлжлүүлэх нь үр хүүхэд бидний үүрэг. Энэ өдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа өргөж, 15 давж, босоо түрүүлэн бидэнд том бэлэг барилаа. Үүнд бид маш их бэлгэшээж байна” гэв.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)