Өөрийн хүслээр цэцэрлэгт орсон Буянаа хүү

Таван настай хүү өөрийн хүсэлтээр улсын цэцэрлэгт орсон тухай мэдээлэл сошиал орчинд тархсан билээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн үүдэнд нэгэн хүү хоёр өглөө дараалан ирж, суух болсныг тус цэцэрлэгийн хамт олон анзаарч, өөрийн цэцэрлэгтээ бүртгэн авсан байна. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа “Есдүгээр сарын 25-нд таван настай хүүхэд манай цэцэрлэгийн үүдэнд ирээд явахгүй байна гэж ажилтнууд маань хэлсэн. Яагаад суугаад байгааг нь лавлатал “Би цэцэрлэгт л явмаар байна” гэсэн. Тэгэхээр нь ээж, аавыгаа дагуулаад ир гэтэл “Аав, ээж загнана” гээд яваагүй. Тиймээс цэцэрлэгийн ажилтнаа цуг явуулж ээжийг нь ирүүлсэн. Ээж нь ойролцоох байрны СӨХ-д ажилладаг юм билээ. Ингээд ээжтэй нь уулзаж хүүхдийг нь цэцэрлэгтээ авъя, эрүүл мэндийн шинжилгээнд нь хамруулаад ир гэсэн юм. Гэтэл маргааш өглөө нь хүү ганцаараа ирчихсэн сууж байсан. Хүүгийн ээж ажилд ороод удаагүй байсан учраас шинжилгээнд хамруулах боломжгүй байсан юм билээ. Тиймээс бид хүүг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, усанд оруулан, хувцаслаж цэцэрлэгтээ оруулсан. Өчигдөр шинжилгээгээ өгчихөөд шууд л цэцэрлэгтээ явж эхэлсэн" гэсэн юм. Буянаа хүү өдгөө цэцэрлэгтээ явж байгаа бөгөөд ангийн багш нь биеэ даасан хамт олонтойгоо эвтэй их сэргэлэн цовоо хүү хэмээн магтаж байлаа. 

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)