Монголд авсан гэрэл зургаа эмхэтгэн ном хэвлүүлнэ
- 2018-10-07
- Нийгэм
- 0

Өвөрмөц соёл, байгалийн тогтоцтой улс орнуудаар аялдаг Нью-Йоркийн гэрэл зурагчин Фредерик Легранжийн Монголын тухай гэрэл зургуудыг “Бизнес инсайдер” сайт онцолсон. Тэрбээр хүүхэд ахуйгаасаа Монголын талаар өвөөгөөсөө олонтаа сонссон гэнэ. Фредерикийн өвөө дэлхийн хоёрдугаар дайны үед Францын армид алба хааж байсан ба германчуудад олзлогдоод байхад нь Зөвлөлтийн армид дайтаж явсан монгол цэрэг суллажээ. Энэ түүхийг сонссон Фредерик монголчуудыг биширч, Монгол Улсад очиж үзэх зорилготой болсон байна. Фредерик Легранж 2001 онд Монголд ирсэн бөгөөд байгалийн гоо үзэсгэлэнг биширчээ.
“Энэ газрын анир чимээгүй, амарлингуй байдал намайг гайхшруулсан. Энд яг л бясалгаж байгаа мэт мөч бүрийг илүү хүчтэй мэдэрч, юмсын оршихуйг анзаарна. Ийм мэдрэмжийг АНУ, эсвэл өөр хаа нэгтэйгээс олохгүй л болов уу” хэмээн Фредерик бичжээ. Тэрбээр 17 жилийн хугацаанд Монголд 13 удаа ирсэн бөгөөд хавар, зун, намар, өвлийн улиралд ажиглалт хийжээ. Фредерик Легранж Монголд авсан гэрэл зургаа эмхэтгэн гаргасан номоо ирэх арваннэгдүгээр сард хэвлүүлэх юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)