Ноолуурын ханш өнгөрсөн жилийн үнийн өсөлтийг давтах найдлага байна

Манай улсын дотоодын ченжүүд ноолуурыг чухалчилж, малчид ямаагаа өсгөдөг, ноолуур үнэд хүрэхийг хүлээдэг болсон. Ноолуурын үнэ тухайн жил өндөр гарвал, жилийн дөрвөн улиралд, хөдөө хөхөрч, гадаа гандсан малчдын магнай нь тэнийдэг. Гэвч, хаврын хаварт ноолуурын үнэ хүлээлтэд хүрдэггүй. Мөн дотоодын ченжүүдийн тоглолтод автаж, унадаг уламжлалтай. Энэ асуудалд сүүлийн жилд анхаарал хандуулсны хүчинд 2017 онд 75 мянга байсан ноолуурын дундаж үнэ өнгөрсөн онд 100 мянган төгрөг болсон. Харин энэ жил өнгөрсөн жилийн өндөр үнээ давтаж чадах болов уу гэдэг нь чухал байна.

Одоогоор малчид ямаагаа самнах цаг болоогүй байгаа тул Хөдөө аж ахуйн бирж дээр ноолуурын арилжаа явагдахгүй байгаа. Харин иргэд өнгөрсөн жилийн дарсан ноолуураа арилжаалах зэргээр багахан хэмжээний худалдаа биржээс гадуур явагддаг. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн сарын байдлаар цагаан ноолуурын ханш улсын хэмжээнд 45-90 мянган төгрөгийн ханштай байв. Тодруулбал, Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45 мянган төгрөг байна. Энэ нь мэдээж, газар нутгийн онцлог, арилжаанаас хамаатай юм. Өнгөрсөн жил ноолуурын үнэ өндөр гарсан нь биржийн орон нутагт дуудлага худалдаа хийж, үнэ тогтоосонтой холбон тайлбарлах хүмүүс бий. Харин биржээс түүнийг ноолуурын ханш өндөр тогтоход нөлөөлдөг хэмээн дахин аймгуудад дуудлага худалдаа хийхээр төлөвлөсөн байна. Тэгэхээр энэ онд ноолуурын ханш өнгөрсөн жилийн үнийн өсөлтийг давтах найдлага байгаа юм.

Дашрамд манай улсын ноолуурын нөөц 9.4 мянган тонн бөгөөд дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 47 хувийг өнгөрсөн онд бүрдүүлжээ. Бусдыг нь Хятад, Иран, Афганистан зэрэг улс хангасан байдаг байна.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)