Б.Гүнбилэг: Эрдэмтэн Б.Чимэдийн зөв үү? Ерөнхийлөгч Х.Баттулгын зөв үү?

СУМАА ӨӨРЧЛӨХӨД ИРГЭДИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЖ БАЙХАА БОЛИХ НЬ ЗӨВ ҮҮ?

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ’’ гэдэг зохицуулалтаас "тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн" гэсэн хэсгийг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргажээ. Өөрөөр хэлбэл, танаас асуухгүйгээр танай сумыг өөрчилнө гэсэн үг. Энэ талаар өөрийн бодлоо илэрхийлье. Манай улс 21 аймагтай, 315 сумтай.

 

Үндсэн хуулийг эх баригчийн бичсэнээс ч тэр, нийтийн хандлага ч тэр ерөнхийдөө аймаг, сумдыг нэптэх цаашид улсаа олон аймаг, сумдад биш, одоогийнхоос цөөн аймаг, сумдад хуваах нь зүйтэй гэж үздэг.

 

Тухайлбал, эрдэмтэн Б.Чимид “Төрт ёсны түүхэн уламжлалаа сэргээх хийгээд Богд хаант төрийн үед улсаа зургаан аймаг, хоёр хязгаар, 120-иодхон хошуугаар зохион байгуулж байсныг ерөнхийд нь харгалзан уг гарвал ураг төрлийн ёсноос үүдсэн ард олны сэтгэл зүйн гүндэх мэдрэмжийг бодолцон хошуу болгосноор өнөөгийн жижиг сумдыг томруулан чадавхийг дээшлүүлэн төрийн байгууламжийн гол тулгуур нэгж болгох гэсэн алсын зорилготой байсныг дурдахад илүүдэхгүй буй заа” (Б.Чимид. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууллагын байгууламжид сумын эзлэх байр суурь өгүүлэл. Сумын судалгаа: онол, арга зүйн асуудал эмхэтгэл. хх..39-40) гэсэн байна.

 

Та хүн ам цөөтэй, хажуугийн сумтайгаа ойрхон, зарим тохиолдолд хажуу сумтайгаа 20-хон километр зайтай оршдог сумын төвийн иргэн гэж бодьё. Та хэрдээ топ хийсэн хашаа, байшинтай, үр хүүхэд чинь сумынхаа сургуульд яваад, танай гэр бүл сумын эмнэлэгтээ үзүүлээд, хааяа хэрэг гарвал арай томхон суурин газар орж хэрэгцээтэй бараагаа авчихаад, ихэнхдээ сумын төвийнхөө жижигхэн ч гэсэн дэлгүүрээр үйлчлүүлээд амьдарч болоод л байдаг. Агаар нь цэвэрхэн, амьжиргаа залгуулахад зардал багатай, гойд гоёхгүй, бүр дор орохгүй жирийн нэг сумын төв. Танай сумын төвийг захиргааны зардал ихтэй, хажуу сумтай ойрхон учир эдийн засгийн хувьд алдагдалтай гэж Засгийн газар үзээд, танай сумыг хажуугийн сумтай чинь нийлүүлэх болжээ. Ингээд Үндсэн хуулийн дагуу санал авахад, таны эд хөрөнгө үнэгүйдэх, сумын төв байснаа багийн төв болоход төрийн үйлчилгээ танаас холдох, хүүхдийн чинь сургууль сумын сургууль байснаа багийн сургууль болоход таны хүүхдийн боловсролд нөлөөлөх юм шиг санагдаад та манай сум маань сум хэвээрээ байг гэдэг санал өгөөд сумын төв чинь сум хэвээрээ үлдэг. Харин Ерөнхийлөгчийн төсөлд бол танаас огт асуухгүйгээр, танай сум эдийн засгийн алдагдалтай, ашиггүй байна гээд Засгийн газар санал өгөөд УИХ шийднэ гэсэн үг. Гэтэл та бас улстөрчиддөө итгэдэггүй, танай сумыг танаас асуухгүйгээр шийдэх гэж байгаа нь бүр уттагүй юм шиг санагдаж мэднэ. Улстөрчид улс төрийн дур зоргоор ямар ч сумыг ямар ч сумтай нийлүүлж, өөрчилж мэднэ.

 

Эрдэмтэн Б. Чимидийн зөв байна уу. Ерөнхийлөгч X. Баттулгын зөв байна уу. Та бодоод өөртөө нэг хариу гаргаж таарна. Тэгээд ингээд л хэдэн сумаа өөрчилж чадахгүй, захиргааны үргүй зардал гаргаад, хэрэггүй шахуу хэдэн Засаг даргыг тэжээгээд, апсын бодлогогүй яваад байх уу. Нэгдмэл улс юм бол яагаад заавал иргэн танаас асуух ёстой гэж, нөгөө олон сумаа цөөрүүлнэ гэсэн яалаа гэдэг асуулт хэн нэг нь тавина.

 

ШИЙДЭЛ ТЭГЭЭД ЮУ ВЭ?

 

Танай сумын захиргааны барилга нурах гэж байгаа тул шинээр барихад ойролцоогоор 1,2 тэрбум төгрөг зарцуулахаар яригдаж байгаа. Зөвхөн танай сум гэлтгүй, олон суманд ийм төлөвлөлт бий. Танай сумын төв тогтмол амьдардаг 120 өрхтэй. Танай сумын зөвхөн захиргааны зардалд жилд 350 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Багийн төв болвол 50 сая болно. Одоо бодоцгооё. Наад зах нь таван жилд 1,5 тэрбумыг захиргааны зардлаас хэмнэнэ. Дээр нь нөгөө захиргааны барилгын 1,2 тэрбумыг хэмнэнэ. Нийлээд 2,7 тэрбум. Уүнийг төрөөс танай сумын иргэдэд хувааж нөхөн олговор болгон өгөх ёстой. Танай сумын төвийг баг болгох гэж байгаа бол төрийн үйлчилгээ таниас холдоно, нэг бол та нөгөө сумын төв рүү нүүмээр санагдана.

 

Нүүхгүй гэхэд нөгөө шинэ сумын төв рүүгээ ирж, очиж байхад зардал хэрэгтэй. Энэ бол хамгийн энгийн логик. Нөхөн төлбөрийг ямар ч байдлаар хуваарилж, ердийн хуулиар зохицуулж болно. Би эдийн засагч биш учир өөрийн бодсоноороо л тоо бодов. Эдийн засагч нар сайн томьёолох байх. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал бол иргэний эрх зүйн байдал дордох ёсгүй.

 

Ийм байдлаар иргэн танд дор хаяж 10 сая төгрөгийн нөхөн олговор олгоё гэж санал тавиад, одоогийн Үндсэн хуулийн дагуу иргэн таны саналд үндэслэн сумдыг нийлүүлж болно. Та саналаа өгөхдөө үүнийг дэмжиж ч болно, дэмжихгүй ч байж болно. Энэ бол таны Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх. Харин ийм маягаар, нөхөн төлбөртэйгээр манай төр нэг ч удаа иргэдээс санал аван засаг, захиргааны нэгжээ өөрчлөх гэж оролдож үзээгүй. Зүгээр л Үндсэн хуулиар танаас санал авахгүйгээр сумдыг өөрчилнө гэдгээр зохицуулалт хийх гэж Ерөнхийлөгч санал гарган хэлэлцэж байна. Сумын иргэд сумынхаа нэрийг өөрчлөхийг хүсдэггүй учир барагтай л бол сумаа өөр нэг сумын баг болгохгүй дээ гэж танд бодогдоно. Мэдээж, би ч гэсэн тэгж бодож байна. Харин хоёр сумыг нийлүүлэхээс өмнө тэр сум ямар хошуу, ямар сумын нэртэй байсныг сэргээгээд аль нэгэнд нь нэрээ хадгалах давуу байдал олгохгүй байж болно. Үүнийгээ мөн иргэдээсээ л асууна. Өөрөөр хэлбэл, уламжлал, газарзүйн байрлалаа барина  гэсэн үг.

 

Судлаачийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгг заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн санапыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэдэг зохицуулалтаас “тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн” гэсэн хэсгийг хасч болохгүй гэж хэлье.

 

Сумын тухай хууль гаргаад олон зүйлийг зохицуулах боломжтой гэдгээ хууль санаачлагчдад олон дахин хэлснээ дахин уламжилья. Багахан төөрөгдөл явсаар том төөрөгдөл болж, Үндсэн хуулиар зохицуулахгүй зүйлсээ зохицуулах гэж оролдох, Үндсэн хуулиас болоогүй асуудлыг Үндсэн хуулиас болоод байна гэж төөрөгдөөд байгааг дурдая.

 

 

“Чимид сан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.ГҮНБИЛЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (121.254.57.197)

    2019-07-26

    Сумын тоог зөв шийдэхээр багасгах нь маш чухал Үүнд тухайн сумын газар нутгийн онцлог,хөгжил,хүн ам....өөр бүх асуудлыг нь нэгтгэн дахин бүс нутгийн хувиарлалт хийж аймгуудыг 16 дотор,сумдыг 180 дотор болгон багасгая

  • (64.119.21.140)

    2019-07-26

    300 гаруй жил Монгол улс Манжийн засаг захиргааны хуваариар засаглаж ирлээ. Нэг л их олон засаглалын дарангуйлагчид захирч байна. Засаглалыг хүчтэй болгох, бүс нутгийг хөгжилтэй болгохд аймаг сум багийн засаглал нутаг дэвсгэрийн хуваарилалт гай болсоор өдий хүрлээ. Эрдэмтэн Чимэд гэгч чинь Монгол улсыг самууруулсан Үндсэн хууль л батлуулсан. Төрийн бодлогогүй Үндсэн хууль үхсэн хүнтэй агаар нэг юм. Хөгжлийг урагшаа харж жалга довныхоо үхширмэл үзлээсээ татгалзаж үз.

  • Зочин (202.55.188.41)

    2019-07-26

    Танай хүн их зөв юм ярьж байна. Өөрчлөх ёстой. Гэхдээ хам хум биш. Бодлоготой, өргөн олноор нь хэлэлцүүлж, хамгийн оновчтой шийдэлд хүрэхийг хичээх нь зөв. Эхний ээлжинд 315 сумыг 140-170, 21 аймгийг 15-18 болгоод авбал учир байна.

  • (198.16.66.140)

    2019-07-26

    шал хэрэггүй энэ олон 315 сумаар юугаа хийдэг юм. Нөхөн олговор өгөөд л 100 сумтай болгосон нь дээр. 21 аймагтай байснаас 10-15 аймагтай болговол таарна. Монголчууд нэгдмэл байхдаа хүчирхэг байдаг. Олон сумтай болсноор жалга довны үзэл л ихсэж тарж бутарсан манай сум танай сум ярьсан нөхөд л хэрэлдсээр хэдэн зууныг үзэж дэлхий сөнөхөд хамт сөнөх байх.