Халхын голыг мартах учиргүй
- 2019-08-08
- Нийтлэл
- 0

Халхын голын байлдаанд Монгол Оросын дайчид ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан Халх голын байлдааны үе шатуудыг энэ удаад онцлон хүргэж байна
Халхын гол бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн дайсныг бут цохисон түүхэн ялалтын талбар юм. Японы милитаристууд 1935 онд Хойд Хятад, Өвөр Монголыг эзэлж улмаар БНМАУ болон БНХУ-ын Алс дорнодыг булаан эзлэх дээрмийн зорилттой байсан. Энэ зорилтоо биелүүлэхээр дайсан Халхын голд 1939 оны наймдугаар сард 75 мянга гаруй цэрэг авчирч байлдааны талбарт 600-аад төрлийн их буу, 1500 гаруй хүнд, хөнгөн пулемёт, 700 орчим бөмбөгдөгч, дайрагч нисэх онгоц, 265 танк, хуягт машин, 4000 гаруй ачааны автомашин зэрэг техник хуримтлуулжээ. Халхын голын байлдааны фронтын гүн нь 20-25 км, өргөн нь 60-80 км байсан аж.

Дэлхийн олон сая хүний амийг хөнөөж, хэдэн зуун хотуудыг эвдэн сүйтгэсэн гамшигт дэлхийн II дайны эхлэл хэмээн зарим судлаачид үздэг аж. Халхын голын байлдаан нь нийт дөрвөн үе шаттайгаар явагдсан байдаг
Халхын голын байлдааны эхний үе шат
Тавдугаар сарын 11-нд Японы 300 явган цэрэг нисэх онгоцны тусламжтайгаар хилийн заставт халдан довтолж 15 км дотогшлон цөмөрчээ. 1939 оны тавдугаар сарын 11-нээс 31-ний хооронд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2600 цэргээр Монголын нутагт цөмрөн ороод Монгол Зөвлөлтийн багахан хүчинд цохигдож 400 гаруй цэрэг офицерыг алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс гарсан байдаг. Японы тал дахин довтлох төлөвлөгөөг долоодугаар сарын эхээр товлож, Монгол-Зөвлөлтийн цэргийг хүчээ хуралдуулаагүй байхад давуу хүчээр дайрч нутгийн гүнд орохоор төлөвлөж явган цэргийн долоо дивиз, тусгай хороо, хоёр танкийн хороо бүхий 8000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хүч хуримтлуулжээ. Энэ үед Зөвлөлт-Монголын цэрэг ч хүч нэмэгдүүлж танкийн нэг, хуягтын гурав, буудлагын пулемётны нэг бригад, мотобуудлагын хоёр хороо, МАХЦ-ийн 2 морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байв. Зургаадугаар сарын 22-нд Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сүйдсэн. Гэвч Япончууд 6-р сарын сүүлчээр Тамсагбулаг, Баянтүмэнийг олон онгоцоор бөмбөгдөж чадсан юм.

Байлдааны хоёрдугаар үе
Монгол Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах, Халх голын баруун эрэгт бэхжих зорилгоор довтолгооны бэлтгэлийг эрчимтэй хийж эхлэн 7 сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлав. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Халхын голын районд гурав явган ба нэг морьт хорооноос бүрдсэн 23 дугаар дивиз, долоо явган дивизийн хоёр хороо,3,4 дүгээр танкийн хороо,Хянганы морьт дивизийн Баргын 3 морьт хороо, их бууны 1 дүгээр тусгай хороо болон 7 дугаар хүнд их бууны хороо, зенитийн их бууны хоёр дивизион болон хэд хэдэн танк эсэргүүцэх батарей бүхий 38 000 хүнтэй хүчийг гардуулжээ. Японы цэргийн гол цохилтын бүлэглэл 7 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Халхын голын хөвдөг гүүрээр гаталж эхэлсэн байна. Дайсан Баянцагааны нуруунд 5 км өргөн, 2 км гүн хориглолтын зурваст бүх хүчээрээ эсэгүүцэж байлдаан шөнөжин үргэлжилжээ. Япончууд их буугаа ашиглан манай танк, хуягтын эсрэг байлдахын зэрэгцээ гранат, шилтэй шатахуунаар зэвсэглэсэн ”никухаку” буюу “үхлийн отряд”-ын цэргийг ашиглаж байв. Тэд танкийг ойртуулан гранатаар устгах буюу танкан доогуур орж өөртэйгээ хамт дэлбэлж байв. Японы тал Комацубарагийн тушаалаар 4-ний өдрөөс эхлэн ангиудаа ухрааж эхэлсэн байна. Энэ үед манай цэргийн давших ажиллагаа улам эрчимжиж дайсан ч их хохирол хүлээж байв. Монгол, Зөвлөлтийн цэрэг долоодугаар сарын 4-5-нд шилжих шөнө дайсанд шийдвэртэй цохилт өгч, Японы үлдэгдэл цэргүүд Халхын голын дээгүүр тавьсан гүүрээрээ голын зүүн эрэгт гарсан байна. Япончууд их хохирол үзсэн 26 явган хороогоо хамгийн сүүлд долоодугаар сарын 5-ны өглөө гатлуулан гүүрийг дэлбэлжээ. Баянцагааны тулалдаан нь Японы талаас Халхын голыг гатлан давших гэсэн эхний бөгөөд эцсийн оролдлого байсан ба дахин голын баруун эрэгт гарах гэж зүрхлээгүй юм. Халхын голын баруун эрэгт гарсан Японы 8000 гаруй цэрэг алагдаж, шархадсан бөгөөд уг тулалдаан нь төрөл бүрийн цэргийг их хэмжээгээр бөөгнөрүүлэн оролцуулсан ширүүн тулалдаан болсон юм. Гурван өдрийн ширүүн тулалдаанд дайсан бараг бүх танк, их буу, 45 онгоц, 5500 хүнээ алдаж ухран, Халх голын цаана хөөгдөн гарсан байдаг.

Халхын голын байлдааны гуравдугаар үе шат
Халхын голын байлдааны гуравдугаар үе нь 1939 оны 7 сарын 8-наас 8-р сарын 20 хүртэл үргэлжилсэн байдаг. Энэ үед дайсан ар талаасаа цэрэг зэвсгийн маш их хүч татан ирүүлж фронтын зарим газраар довтолж ашигтай байруудыг эзлэн авах оролдлого хийсээр байв.
Баянцагааны тулалдаанаас хойш Япончууд тагнуулын чанартай агаарын довтолгоо явуулж, долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 4 хүртэл 116 нисэх онгоцоо алдсан юм. Наймдугаар сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийж генерал Огису Риплогийн удирдсан японы зургаан арми, мөн 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, гурван_морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрч 182 танк, 350 онгоц дайчилсайн байна. Наймдугаар сарын 17-нд Японы цэргүүд давшилт хийж улмаар гурван өдрийн дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагийн дивиз, танкын 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 6000 гаруй хүнтэй дөрвөн морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. Тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор дөрөв дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор хоёр дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Наймдугаар сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийж Японы зургаан армийг бүслэн улмаар 8 сарын 28-нд дайсныг бут цохиж 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байдаг. есдүгээр сарын15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж есдүгээр сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алдсаны 25 мянга нь тулааны үед амь үрэгдсэн байдаг. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол улсаас хүссэн байна.

Хамгийн сүүлийн буюу 4 дэх үе нь
1939 оны 8 дугаар сарын 20-31-ийг хүртэл үргэлжилж Монгол, Зөвлөлтийн дайчид дайсны цэргийн их хүчийг бүсэлж бүрмөсөн бут ниргэсэн сүүлчийн том тулалдаан болсон юм. Ингэж БНМАУ-ын нутаг дэвсгэрт халдан довтолсон Японы цэргийн их хүч ах дүү армиудын хамтарсан хүчинд бут цохигдон БНМАУ-ын хил хязгаарыг орхижээ. Японы цэргийн командлал бүр мөсөн ялагдсанаа хүлээн зөвшөөрч дайн дууссан тухай актад 1939 оны 9 дүгээр сарын 16-нд гарын үсэг зуржээ. Үүгээр дөрвөн сар үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол Зөвлөлтийн армийн баатарлаг ялалтаар өндөрлөсөн юм.
Улс эх орны тусгаар тогтнолын төлөөх тэмцэл агуу их Халх голын ялалтыг бид мартахгүй.

У.Пүрэвсүрэн

Сэтгэгдэл (0)