МАН: Баялгийн сан, Гаалийн албан татварыг тэглэх хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.03.25/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцсэн. Гурил, малын тэжээлийг гаалийн импортын албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл юм. Одоо 15 орчим хувийн татвартай байгаа. Гурилын үнэ сүүлийн үед огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгч монополь эрх эдэлж байна гэж үзсэн. Иймд, Засгийн газраас гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлж, импортыг нээлттэй болгох санал оруулж ирсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр, өөр байсан учир МАН-ын бүлэг завсарлага авч бүлгийн хурлаараа өнөөдөр дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг бүлгийн гишүүдийн олонх дэмжихээр шийдвэрлэлээ. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд, ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг  бүлгийн хурлаар хэлэлцлээ. УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохдоо МАН  мөрийн хөтөлбөртөө Баялгийн сангийн тухай хуультай болно гэж амласан. Мөн 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-т Баялгийн сантай байх, мөн хуультай болох шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Засгийн газар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр анхны хуулийн үзэл баримтлалыг бүлгийн гишүүдэд танилцуулж, гишүүдийн саналыг сонссон. Бүлгийн гишүүд тус хуулийн төслийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Мал аж ахуйн салбарт үүсээд буй зудын гамшгийн нөхцөл байдлыг хэрхэн бууруулах, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газраас “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл” гэх нэг удаагийн хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төслийг мөн өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцэж, цаг үеийн чухал асуудал учир яаралтай батлах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бүлгийн хурлаар хэлэлцсэн Баялгийн сангийн тухай хууль болон Мал аж ахуйн салбарт үүсээд байгаа зудын гамшгийн нөхцөл байдлын талаар авах арга хэмжээний талаарх нэг удаагийн хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээлэлдээ “Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Хуулийн төслийн концепцийг бүлгийн хуралд танилцуулсан. Өнгөрөгч 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрөх замаар иргэдэд хүртээх ёстой гэсэн үндсэн зарчим үйлчилж байгаа. Үүнтэй холбоотой 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо МАН Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Баялгийн сангийн асуудлыг тусгасан.  Бүлгийн хуралд танилцуулсан Баялгийн сангийн тухай хуулийн төслийн хувилбар нь Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, ХНХЯ-д дэргэдээ сангуудыг байгуулж, нэгдсэн баялгийн сан байгуулах бодлогоор үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөсөн. Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн үндсэн гурван сантай байна.

Ирээдүй өв сангийн хөрөнгө Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь нь төвлөрдөг. Хуримтлал 2030 он хүртэл явагдаж, хуримтлуулсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулна гэсэн зохицуулалттай явж ирсэн. Тэгвэл шинээр бий болж байгаа Хуримтлалын санг уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг сайжирч, уул уурхайн компаниудын хариуцлага дээшилж, ил тод байдал нэмэгдэж байгаатай холбоотой энэ тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Ирэх жилээс уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас бүрдэж буй Хуримтлалын сан монголчуудын орон сууц, эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтад бэлэн бус хэлбэрээр зарцуулна.

Хуучнаар Төсвийн тогтворжуулалтын санг орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж Хөгжлийн санг бий болгосон. Тус санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалт, хөгжил, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгасан.

Хоёрдугаарт, Засгийн газар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуулийн төслийг батлахаар боловсруулж, бүлгийн хуралд танилцууллаа. Тус хуулиар мал аж ахуйн салбарын тулгамдсан олон асуудлыг цогцоор шийдвэрлэнэ. Мөн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалах шаардлагатай гэж үзээд хуулийн төслийг боловсруулсан. Иймд, хуулийн төсөлд хоршоо байгуулах асуудлыг тусгасан. Эрх зүйн орчин, загварынх нь хувьд мал аж ахуйн салбарыг энэ хэлбэр рүү оруулах боломжийг бүрдүүлнэ. Бүлэг, нөхөрлөл, хоршоогоор хоршиж ажиллах боломжийг малчдад бий болгож байгаа юм. Малчдад хамтын ажиллагааны урт хугацааны хөнгөлөлтэй зээл авах боломжийг нээж өгнө” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)