Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ. Түүгээрээ УИХ-ын түүхэнд үлдэнэ. Харин тэд ганц ганцаараа явахаар шүүмжлэлийн бай болдог гэмтэй. Базаахгүй түүхтэй гишүүн цөөнгүйтэй нь холбоотой биз.
Энэ УИХ тийм хуулиудаас гадна далд эдийн засгийг ил болгох, том хулгайг илчлэхэд нэмэр тус өндөртэй ерөнхий хяналтын хэд хэдэн сонсгол хийсэн. Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар хийсэн сонсголын дүнд монголчууд эрх мэдэл, улс төрийн нөлөө хөшигний ард хэрхэн туйлдгийг мэдэж авсан.
Отгон чуулганаараа ч хэд хэдэн ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөөд байна.
Ер нь бол эдгээр “хүнд сэдэв” бүхий хуулиудыг баталж, сонсголууд зохион байгуулахад УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө идэвхтэй, нөлөөлтэй оролцсон л доо.


Ганц жишээ л гэхэд өнгөрсөн зун нүүрсний сонсгол нам гацчихаад байв. Тэгэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Ажлын хэсэг байгуулах тухай” уг захирамжийг гаргаж гацаанаас гаргаж байлаа. Тэрээр “…Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн захирамж гаргасан. Тэр дагуу байгуулагдсан шинэ ажлын хэсэг ажиллаж явсаар нүүрсний сонсголын ард гарсан түүхтэй.
Одоо энэ хаврын чуулганаар газар олголт, ашигт малтмалын лицензийн “наймаа”-тай холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөөд байна. Энэ хоёрын араас ихээхэн хэмжээний авлигын хэргүүд босож ирнэ. Улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс гарч ирнэ МАН-аас ч, АН-аас ч, тэр байтугай одоогийн УИХ, Засгийн газраас энэхүү газар, лицензийн асуудалтай холбоотой гишүүд тодорно.
Тэр агуулгаараа, энэ бас л УИХ-ын хувьд хэцүү "даалгавар" болж буй аж. 
Гэхдээ энэ сонсголуудыг хийхгүй бол Баялгийн сан, Газрын багц хуулиудын “хий” гарахгүйгээр байгаа юм. 


Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-нд “…Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ” гээд зарлачихсан. Тэгэхдээ “…  Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэсэн байдаг. 
Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал зарлаж, түүн дээрээ “…Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт хяналт шалгалт хийсний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Газрын тухай багц хуулиа судалгаа тооцоотой хэлэлцэх бололцоотой юм. Газартай холбоотой асуудлаар иргэдээс олон санал, гомдол гарч байна. Өнгөрсөн нүүрсний хяналт, шалгалтын сонсголоор Өмнөговь аймагт хуулийн зөрчилтэй холбоотой газар олголтын асуудлыг  илрүүлж гаргасан. Үүний дараа АТГ-аас газар олголт болон хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулж, тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн. Иймээс УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах, дээр дурдсан асуудлаар хянан шалгах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ” гэсэн. 


Дараа нь 2024 оны гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “…Ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой. Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна” гэж мэдэгдсэн. 


Үүнээс хойш хоёр долоо хоног өнгөрөв. Гэтэл ажлын хэсгүүд нь хуралдсангүй. “…Ирц нь бүрдэхгүй байна” гэжээ. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар нэлээд бухимдаж, уурссан байна. Тэрээр ажлын хэсгүүдийг яаралтай хуралдуулахыг шахсаар байгаа аж. Харин ойрын үед ажлын хэсгүүд хуралдаж, ажлаа урагшлуулахгүй бол УИХ-ын дарга сонсголын бэлтгэлийг хангуулах талаар зохих арга хэмжээг авах бололтой. 
Гэвч УИХ-ын ажлын хэсгүүд юу юугүй хуралдаж сонсголд бэлдээд унах нь юу л бол доо. Яагаад гэвэл газар олголт, ашигт малтмалын лицензийн асуудал бол өмнө “сонссон” Хөгжлийн банкийг тоносон хэрэг, магадгүй нүүрсний хулгайгаас ч хэд дахин том хийгээд өргөн хүрээг хамарч мэдэх юм. Тэгэхээр сонсголоор суга татуулчих гээд байгаа нөхдүүд УИХ-ын ажлын хэсгүүдийг нам дарамталж байж мэдэх л юм. Тийм ч биз?!

Б.Гарьд 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)