Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг гурван өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр (2024.04.17) хаалаа. Түр хороо Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллалаа.

Сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Сонсголд урилгаар Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний Аудитын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагын 38 албан тушаалтан оролцсон юм. Мөн Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон Улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар ажиглагчаар ажиллав.

Энэ гурав хоногийн дотор асуудлыг сунжруулалгүй логик дараалалтайгаар цэгцтэй хэлэлцэх үүднээс шахуу ажиллалаа хэмээн сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн дурдаад, энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Монгол Улсын Засийн газрын явуулж байгаа 5Ш ажиллагааны үргэлжлэл боллоо хэмээн онцолсон юм. Тэрбээр, бид танил тал, сайд дарга гэлгүй эм хангамжийн тогтолцооны идээ бээрийг шахаж, нөхцөл байдал ямар байгааг ард иргэддээ ойлгуулж, болохгүй бүтэхгүй байгаа бүхний үүд хаалгыг хаахын ажилласан хэмээгээд сонсголоор тэр бүхэн өргөс авсан мэт эдгэрчихгүй ч гэлээ томоохон өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн сонсголд оролцсон, зохион байгуулсан, дүгнэлт, тайлан гаргаж ажилласан, олон нийтэд мэдээлж, өөр өөрсдийн сувгаар дамжуулсан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлээд, бид өнөөдөр Монголдоо өвчин зовлонгоо эмчилж чаддаг, эм нь чанартай байж, ард иргэд маань өвчнөөс болж ядуурахгүй байх тогтолцоог бүрдүүлэх том алхмын хийж, энэ үйл хэргийн гэрчүүд боллоо гэсэн юм.

Эмийн салбарыг удирдаж, ахалж байгаа албан тушаалтнууд, сайд, дарга нар сэтгэл гаргаж ажиллах цаг болсон байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Туваан сонсголын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ тэмдэглэж, энэ салбар үндсэндээ “сэхээнд орчихсон” байна гэж дүгнэсэн юм. Ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна гэж тэрбээр дурдаад, лабораторийн чадавхийн талаар хэлэх ч үг алга гэлээ. Монгол Улсын иргэд чанартай, хямд, баталгаатай эмээр хангагдах эрхтэйг тэрбээр онцолж, энэ эрхийг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд холбогдох зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд холбогдох журам нь ч гарсан талаар дурдаад, хууль, журмыг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайжруулах ажилдаа өнөөдрөөс ханцуй шамлан оръё хэмээн уриалав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)