Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм. Тийм ч учраас Халх,Нөмрөгийн дархан цаазат газар хэмээн нэрийдэж дархалсан. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсан. Уг түймэртэй холбоотой мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр анх гарсан. Уг хээрийн түймрийг 2026 оны аравдугаар сарын 11-ний 01:00 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангиуд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 80 км, өргөн нь 90 км байна. Түймэр унтарсны дараа хохирлыг бүрэн тооцно гэжээ. Түймэр яагаад гарав гэвэл Мобиком Корпораци ХХК-ын захирлын унаж явсан ниссан патрол Y-62 маркийн машин шатсанаас үүдэлтэй гэнэ. Тус захирал нь Халх голын отрядын заставыг 4Ж сүлжээнд холбох ажлаар тэнд очсон юм байх. Мөн шилэн кабелиар холбосон гэж мэдээлж байна. Тэр бүгдийг хүлээлгэж өгөөд цаашаа Нөмрөгийн дархан цаазат газарт Мобиком корпорацийн захирлууд тэргүүтэй таван машин хүн цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа н.Гантөгсийн зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрчээ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хатсан өвсний толгой машины янданд наалдаад шатсан байх боломжтой гэцгээж байгаа. Ийм явдал намар цагт болдог. Моторын дор хаалт төмөр байхгүй, эсвэл тэр нь муудсан эмтэрсэн зэрэг тохиолдолд мотороос гарсан яндангийн суурьт өвсний толгой наалдан удаж халахаараа шууд шатаж эхэлдэг. Хээр хөдөө явдаг жолооч нар бол ер нь л мэднэ. Япон захирал “балдуушаа” мэдэх вэ, харин монгол жолооч мэдмээр юм. Гэхдээ би тэр машин шатахыг хэлэх гэсэнгүй. Монголчуудаасаа харамлаж ганц ч алхуулдаггүй тэр газарт яахлаараа энэ хүмүүс нэвтэрдэг байна. Тийшээ судалгааны баг яамнаас нь зөвшөөрөл авчхаад байхад л машин оруулдаггүй газар гэж нэг судлаач бичиж байсан. Тэгээд бүүр дархан цаазат газар, хориотой ан хийхээр “бичигтэй” явж байна гэхээр гайхаш тасрах юм. Бичиг ч байгаагүй байх л даа, аман зөвшөөрөлтэй явсан байна. Ангийн захирагч оруул гэсэн гэнэ. Ангийн захирагчид бүүр том хүн нь хэлсэн байх. Өөрөө дур мэдээд оруулсан юм болов уу. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэрүүгээр явж нээлтэд оролцсон гэсэн. Гэхдээ анги нь интернэттэй болчихоор ангийн захирал ингэж хөөрцөглөсөн ч байж мэдэх юм. Ер нь бол тэр дамжуулах станц, шилэн кабелийг татвар төлөгчийн л мөнгөөр хийсэн байж таарна. Мобиком л өөрөөсөө мөнгө гаргаад хийв гэж.

Сумуудын хөдөө гадаа хүн цөөнтэй газар ийм станцыг дан л Засгийн газрын нөөцөөс ч юмуу гишүүний өөрийнх нь энд тэндээс олсон нөөц мөнгөөр байгуулдаг юм билээ. Хүн цөөнтэй газар Мобиком тэгж мөнгө гаргана гэж байхгүй нь баталгаатай. Мобикомын атгасан гараас бүтээн байгуулалт ундарна гэж горьдоод ч хэрэггүй юм билээ. Тас атгаатайгаа байж байгаад л олсон жаал юмаа нутаг руугаа гаргадаг. Бид мэдэхгүй биш. Мэдэгдэлдээ “нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх шиг. Уул нь “юнивишн” нь харин хөдөө гадаа дахин дамжуулах станц баримхай харагддаг юм. Гэхдээ бас л татвар төлөгчдийн мөнгө л дөө. Дархан цаазат газар хориотой ан хийх нь ч дүүрч. Тэр дархан цаазат газраа шатаачихаж байгаа нь бүүр гомдолтой байна. Монголчуудаасаа харамлаад дөхөж очихоор нохой мэт хөөдөг газарт Мобикомын захирал Ясухиро Очи дураараа дургиж байгаа нь хэний буруу вэ. Ясухиро Очи загасны шөл уух гэснээс болоод дархан цаазат газраа түймэрдэж орхих нь тэгээд хэвийн зүйл үү. Бид ингэж мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хараад хуулийг гууль болгодог муу зангаа одоо засмаар байна. Ийм хүмүүсийг харахаараа л зуйрагнаад “зулгаа” барах юм зүгээр. Хуулийг хэнд ч адилхан үйлчлэхээр бичдэг юм шүү дээ, уул нь.

Д.Нацаг

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)