Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
- 2 цаг 32 мин
- Улс төр
- 0

Энэхүү чуулга уулзалтыг санаачлан, Монгол Улсын Их Хурал болон Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.
Дэлхийн 23 орны 88 эмэгтэй парламентч, нийт 32 орны 360 гаруй төлөөлөгч “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдвийн дор туршлага, үзэл бодлоо хуваалцаж, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмрийг хэрхэн бодит үр дүнд хүргэх талаар хэлэлцлээ.
Бид эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний мэдлэг, ур чадвар, манлайллыг бодлого, шийдвэрт бодитоор тусгах, тэгш боломжийг бүрдүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, олон улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Мөн цахим орчин, хиймэл оюун ухаантай холбоотой шинэ сорилт, эрсдэлийг хамтдаа даван туулах шаардлагыг хөндсөн юм.
Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих нь шийдвэр гаргалтын чанар, нийгмийн хөгжил, иргэдийн сайн сайханд чухал ач холбогдолтой билээ.
Энэхүү чуулга уулзалт Монгол Улс эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, манлайллыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг бататгасан, үнэ цэнтэй индэр боллоо. Чуулга уулзалтын үр дүнгийн баримт бичгийг Олон улсын парламентын холбоонд хүргүүлнэ.
Улаанбаатар хотоос эхэлсэн энэхүү яриа хэлэлцүүлэг цаашид бодит ажил хэрэг болж, улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэн, ард иргэдийн сайн сайханд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.




Сэтгэгдэл (0)