Р.Пүрэвдагва шинэ зууны даншиг наадмын ууган арслан цолтон боллоо
- 2015-08-10
- Спорт
- 0

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан даншиг наадамд256 бөх сугалаагаар хүч үзсэнээс Архангай аймгийн Булган сумын уугуул, Ренчинбямбын Пүрэвдагва арслан цол хүртлээ. XXI зууны ууган даншигт түүнтэй тэргүүн байрын төлөө Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, Баянзүрх дүүргийн бөх Батнасангийн Гончигдамба шалгарч үлдэн даншигийн заан цолтой болов. Ингэснээр энэ хоёр бөх ирэх жилийн даншиг наадмын зүүн, барууныг магнайлах учиртай юм. Тус барилдаанд улсын аварга нэг, улсын арслан хоёр, улсын гарьд нэг хүч үзэв.
Харин улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нар барилдсангүй. Даншиг наадмын нэгийн давааны нэг дугаарын сугалааг алдарт Д.Дамдин аваргын ач, гарьд Д.Баяраагийн хүү аймгийн харцага Б.Төрмагнай, Увс аймгийн Давст сумын уугуул, улсын арслан П.Бүрэнтөгс нар “татаж” зүүн баруун жигүүрийг тэргүүлэн барилдсан юм. Сонирхуулахад XX зуунаас хойш 1955 оны улсын баяр наадамд 256 бөхийг сугалаагаар барилдуулж, улсын цол олгож байснаас өөр тохиолдолд цол олгох барилдаан энэ журмаар болж байсангүй. Тухайн жил Төв аймгийн Баянбараат сумын уугуул С.Оргодол түрүүлж, улсын арслан цол хүртэж байсан бол Булган аймгийн Тэшиг сумын уугуул “Цэргийн” хэмээн Б.Бадам үзүүрлэж заан цол хүртэж байсан түүхтэй.
Тэгвэл шинэ зуунаас хойш Монгол туургатны их наадмын хүчит бөхийн барилдаан сугалааны журмаар болдог байв. аймгийн Хашаат сумын уугуул, улсын заан цолны давааг гурван удаа алхсан Ч.Санжаадамба гурван жил дараалан түрүүлж байв. Тиймдээ ч энэ наадмаар түүнийг үгүйлсэн бөх сонирхогч цөөнгүй байлаа. Мөн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийг сурагласан үзэгч цөөнгүй байв. Учир нь тэрбээр “Та монгол бөхөөр барилдах уу?” гэсэн асуултад “Бүгд цолгүй барилдвал би үндэсний бөхийнхөө өмсгөлийг өмсөхөд бэлэн” хэмээн хариулж байжээ. Гэсэн ч мэргэжлийн сүмогийн их аварга энэ удаад хэлсэн амандаа хүрсэнгүй.
Тэгвэл 1922 онд болсон өнгөрсөн зууны хамгийн сүүлийн даншиг наадамд Архангай аймгийн уугуул, Галсанхүүгийн Вандан түрүүлж байсан түүхтэй. Энэ цагаас хойш 93 жилийн дараа мөн л Архангай нутгийн хүчтэн даншиг наадамд түрүүлсэн нь содон үйл явдал болж байна.
ХАТУУ УЧРАА
Даваа бүр сугалаагаар барилдаж буй учраас ямар ч цолтой бөх хоорондоо таарч болно. Ёстой л аз мэдэх хэрэг байв. Тэгвэл энэ наадмын нэгийн даваанд улсын начин П.Ганхүү улсын начин М.Эрдэнэбаттай сугалааны дугаар таарч хүч үзэв. Мөн даваанд улсын хоёр начин Д.Насандэлгэр, Б.Алтансүх нар хүч үзэв. Мөн улсын харцага Э.Батбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Б.Хадбаатар, Амарын Батмөнх начин улсын их баяр наадамд хоёр удаа дөрөв давсан Булганы А.Отгонбаатарыг хүч шавхан байж аргалав. Тэгвэл хоёрын даваанд улсын харцага Ц.Содномдорж Увс аймгийн 90 жилийн ойдоо түрүүлсэн харцага Ө.Бат-Оршихтой сугалаа таарч, түвэггүйхэн өвдөг шороодуулав.
Сонирхуулахад энэ хоёр бөх улсын баяр наадмын харцага цолны даваанд тунаж, Увсын харцага одоогийн цолондоо хүрч байсан юм. Тэгвэл энэ барилдааны дөрвийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс харцага Б.Пүрэвсайхантай жил дугаартай сугалаа татсан нь азгүй явдал болов. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, харцага Н.Түвшинбаяр дөрвийн даваанд П.Бүрэнтөгстэй учраа таарч, чац дутан өвдөг шороодсон юм. Энэ барилдаанд хамгийн хатуу сугалаа татсан бөх бол Хөвсгөл аймгийн уугуул, улсын харцага Ц.Содномдорж юм. Тэрбээр хоёрын даваанд Ө.Бат-Оршихыг, гурвын даваанд Говь-Алтайн Л.Цэрэнтогтохыг, тавын даваанд Т.Өсөх-Ирээдүйг, зургаагийн даваанд Архангайн Р.Пүрэвдагва начинтай хүч үзэж, наадмаа дуусгалаа.
Б.БАТЖАРГАЛ САРЫН ДОТОР ХОЁР ЦОЛ ХҮРТЛЭЭ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул улсын шинэ, залуу начин Б.Батжаргал Хөвсгөл аймгийн бөх Ч.Хөхчирэнгэрээр /аймгийн арслан/ тав давж, даншигийн начин цол хүртэв. Ингэснээр сар орчмын хугацаанд улсын болон даншигийн хоёр цол хүртэхдээ Хөвсгөл аймгийн бөхчүүдийг өвдөг шороодуулсан нь содон тохиолдол болж байна. Тэгвэл улсын баяр наадмын тавын даваанд Архангайн Ч.Ганзоригт суйлуулж өвдөг шороодсон Ховд аймгийн Буянт сумын бөх О.Хангай/аймгийн арслан/ энэ удаа алдаагаа засч, Увсын П.Бүрэнтөгсийг/ улсын арслан/ давж, даваа жилийн даншиг наадмаар улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарыг амлах эрхтэй боллоо. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Д.Амарсайхан Өвөрхангайн Д.Цэрэнтогтохыг өвдөг шороодуулж, начин цол хүртлээ. Тэгвэл энэ наадмын түрүүлэх бөхийн тааварт байсан Б.Пүрэвсайхан даншигийн начин цолтой барилдаанаа дуусгалаа.
ӨСӨХ ИДЭР ЦОЛОО ХАМГААЛАВ
Булган аймгийн Монгод сумын уугуул, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Э.Энхбат шинэ зууны ууган даншигт их шөвөгт шалгаран үлдэж, даншигийн өсөх идэр начин цолны балзол хангалаа. Ингэснээр улсын баяр наадамтай нийлээд энэ цолны босгыг дөрвөн удаа гэтэлж, байгаа юм. Тэрбээр заан цолны хариуцлагатай даваанд гарьд Б.Гончигдамбыг “бараагүй”. Ингэснээр Завханы гарьд начин Э.Энхбатыг улсын хийгээд даншигийн цол ахих даваанд хоёр удаа“саад” болж байна. Тодруулбал2013 оны улсын баяр наадмын зургаагийн даваанд Э.Энхбат гурван бөхөөс Б.Гончигдамбыг сонгон барилдаад буруутсан билээ. Тэгвэл энэ наадмаар түүнтэй хамт өсөх идэр начин цолны болзлыг Ц.Содномдорж харцага биелүүллээ. Сонирхуулахад энэ даншигт Ховд, Булган аймгаас тус бүр хоёр бөх даншигийн начин цол хүртэв.
5-ын даваа
Т.Өсөх-Ирээдүй
Ц.Содномдорж
Б.Батжаргал
Ч.Хөхчирэнгэр
Д.Амарсайхан
Д.Цэрэнтогтох
Э.Энхбат
С.Мөнхбат
Б.Пүрэвсайхан
Б.Хашбат
Б.Гончигдамба
Д.Наранцогт
М.Өсөхбаяр
Р.Пүрэвдагва
П.Бүрэнтөгс
О.Хангай
6-гийн даваа
Б.Гончигдамба
Д.Амарсайхан
Ц.Содномдорж
Б.Пүрэвсайхан
Э.Энхбат
О.Хангай
Р.Пүрэвдагва
Б.Батжаргал
7-гийн даваа
Б.Гончигдамба
Э.Энхбат
Ц.Содномдорж
Р.Пүрэвдагва
ХАРВААЧДЫГ Б.БАТБААТАР, И.ЦЭЦЭГМАА НАР ХОШУУЧИЛЛАА
Үндэсний сурын харваанд 396 харваач цэц мэргэнээ сорьж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харваач, “Жем интернэшнл” компанийн харваач, Монгол Улсын мэргэн Б.Батбаатар38 оноогоор тэргүүн байр эзлэв. Түүний хувьд улсын баяр наадмаар тэргүүлсэн билээ. Ийнхүү Б.Батбаатар мэргэний хувьд улсын чанартай тэмцээнд сарын дотор хоёр удаа тэргүүн байр эзэлж буй нь энэ аж. Харин аман хүзүүнд Ховд аймгийн Булган сумын улсын гоц мэргэн Л.Отгонбаяр шалгарав. Тэгвэл эмэгтэй харваачдыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын И.Цэцэгмаа39 оноогоор хошуучлав. Түүний хувьд улсын баяр наадмын холимог харваанд 38 онож, тэргүүн байр хүртэж байсан юм. Харин удаах байрт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул харваач, Монгол Улсын мэргэн Г.Батзаяа, Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, харваач Ч.Гандаваа нар шалгарлаа.





Д.Ганбаатар

Сэтгэгдэл (1)
Duu (27.123.214.118)
Tasarxai blaa gej Purevdagva