Даншигийн начин Д.Амарсайхан: Даншиг наадмаас цол хүртэх учиртай байж
- 2015-08-13
- Спорт
- 0

Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, ХААИС, “Нью Майнд” группийн бөх Даншгийн начин Дэлгэрсайханы Амарсайхантай ярилцлаа.
-Энэ зууны ууган даншигт сайн барилдаж, начин цол хүртлээ. Юуны өмнө баяр хүргэе.
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. 100 орчим жил тасраад буцаж сэргэсэн анхны наадамд энэ эрхэм цолонд хүрнэ гэдэг хувь тавилан байх. Учир нь манай удамд даншигийн заан Лувсанжамбаа гэж хүн байсан юм билээ. Тиймээс ихэд бэлгэшээж байгаа. Одоо хүртэл найз нөхөд, танилууд баяр хүргэсээр байна. Энэ цагаас хойш манай бөхчүүд нэг жилд даншиг, улсын баяр наадам гээд хоёр цол авах боломжтой болж байна.
-Сугалаагаар барилдах нь сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Харин ч бодож санах зүйлгүй амар байдаг юм. Хэнтэй барилдахаа, хэнд амлуулахаа мэдэхгүй учраас ямар ч маргаангүй, элдэв найраагүй. Дээрээс нь улсын аварга цолтой бөх ч даншигийн цол авах учраас сугалаа таарсан л бол чаддаг мэддэгээ хийгээд үзэхээс өөр аргаггүй шүү дээ. Би хувьдаа гайгүй барилдвал гурав, дөрвийн даваанд аварга арслангуудтай сугалаа таарах байх гэсэн бодолтой байсан.
-Сугалаа ер нь хэр таарав?
-Санасаныг бодоход гайгүй. Нэгийн даваанд нэг ламтай таарсан. Хоёрын даваанд бас нэг залуу байсан. Гурвын даваанд цагдаагийн газрын нэг нөхөртэй сугалаа таарсан. Дөрвийн даваанд улсын начин Д.Насандэлгэртэй ижил сугалааг татсан. Өмнө нь МҮБХ-ны 20 жилийн ойгоор дөрвийн даваанд оноолт таарч, би давж байсан юм. Энэ удаад дөрвийн даваанд яг тэр мэхээрээ начинг өвдөг шороодуулсан. Харин начин цолны даваанд цэргийн начин Д.Цэрэнтогтохтой барилдаж, давсан. Өмнө нь бид хоёр нэг удаа барилдаж би давж байсан юм. Үнэндээ би эртэй чадалтайдаа энэ цолонд хүрээгүй. Угаасаа л даншигийн цолтой болох ёстой байсан юм шиг санагдаад байгаа юм. Үгүй бол тавын таван сугалааны гуравт нь ямар ч цол, чимэггүй бөхтэй таарна гэж байх болов уу.
-Харин л дээ...?
-Намайг дөрвийн даваанд сугалаа сугалах гээд очиход хүмүүс “Одоо лам үлдээгүй шүү” гэж хошигнож байна лээ. Мөн даншигийн начин цол авсан бөхчүүд талбай тойроод алхсан. Тэгэхэд хүмүүс намайг өхөөрдөөд байна лээ. “Хамгийн хөөрхөн начин чи шүү” гэж зарим нь үзэгчийн суудлаас орилж байсан. Жижиг биетэй болохоор тэгсэн байх. Яагаав дээ, наадмаар жижигхэн биетэй даага хараад хүмүүс өхөөрддөг дөө. Яг л түүн шиг санагдсан юм шиг байгаа юм.
-Ингэхэд өөрөө сугалаагаар барилдахад их одтой байдаг юм уу даа. Монгол туургатны үндэсний бөхийн хөнгөн жингийн барилдаанд аваргалсан санагдаж байна?
-Нээрэн тийм ч юм уу. Тэр барилдаанд би улсын начин Т.Баасанхүү, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд хоёрыг сугалсан. Үзүүр түрүүнд аймгийн начин О.Түмэндэмбэрэлтэй үлдсэн. Өмнө нь би хөл алдаж, нэг удаа унаж байсан болохоор алдаа гаргахгүйг хичээж давсан. Бусад нь Өвөрмонгол, Тува бөх байсан санагдаж байна.
-Даншиг наадмын өсөх идэр начин цолны даваанд их амархан өвдөг шороодож харагдсан. Цолондоо ханана гэсэн ойлголт анхны наадамд байгаагүй биз дээ?
-Цол авах эсэхээ ч мэдээгүй юм чинь юу гэж ханах тухай ойлголт байх вэ. Зургаагийн даваанд гарьд Б.Гончигдамбатай барилдаанд дийлээгүй л уналаа. Бид хоёр гурван удаа таарч, би нэг удаад нь давж байсан юм.
-Ингэхэд өөрөө барилдааны тэмдэглэл хөтөлдөг үү?
-Үгүй ээ. Барилдах гэдэг бол миний хобби. Түүнээс амьдрал биш юм шүү. Манай залуус дунд зарим нэг нь сонирхол, амьдрал хоёроо хутгаад байгаа юм шиг санагддаг. Би арвин их туршлагатай, том цолтой бөх биш. Зүгээр л бодлоо хэлж байгаа санаа нь энэ. Миний хувьд амьдралд ч тэр бөхөд ч ялгаагүй сурах, мэдэх, ойлгож ухаарах зүйл асар их байна. Гэвч сонирхолтой зүйлдээ сэтгэлээ чилээнэ, түүн дунд биеэрээ байна гэдэг хамгаас сайхан. Зарим нэг нь“Барилдахад яг юу нь сайхан байдаг юм бэ” гэж асуудаг.
-Та тэдэнд юу гэж хариулдаг вэ?
-Та хамгийн дуртай зүйлээ хийхэд ямар мэдрэмж авдаг вэ, барилдах түүнтэй л ижил гэж хариулдаг. Оносон хариулт мөн бишийг мэдэхгүй юм. Үнэндээ унах давах, өндөр цолонд хүрэх эсэх надад хамаагүй. Гол нь өөрийн санасан бодсон хэмжээгээрээ сэтгэж, барилдах л гоё байдаг. Үгүй гэхэд өөрөө барилдаж амжаагүй ч гэсэн бөхийн барилдаан үзээд суухад ямар байдаг гэж санана...Харин үзэгчид залуу бөхчүүдээс улсын өндөр цол, уран барилдааныг хүлээдэг юм шиг байгаа юм. Тэр буруу биш байх л даа.
-Ингэхэд энэ жилийн улсын наадмаар хэрхэн барилдсан бэ?
-Хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Р.Дамдинд унаж, наадмаа дуусгасан даа. Би улсын наадмаар гурван жил барилдаж байгаа юм. Нэг удаа Өвөрхангайн улсын начин Б.Сангисүрэнд, нэг жил нь Дорнодын аймгийн арслан Б.Батхуягт өвдөг шороодсон.
-Хүний амьдралд анхны “юм” бүхэн онцгой сэтгэгдэл үлдээдэг юм шиг санагддаг. Та анхны цол болон анх улсын цолтой ямар бөхийг давж байсан зэргээсээ хуваалцана уу?
-Сумандаа өсвөрийн барилдаанд анх үзүүрлэсэн. Тэр бараг л анхны минь амжилт байсан байх. Дараа нь сумынхаа наадамд начин цолны даваанд унаж байлаа. Тухайн үед дараа жилийн наадмыг л их хүлээсэн санагддаг. Тэгээд л сумын начин болж, дараа жил нь сумын заан цол хүртээд аймаг руу явсан. Анхны жил мөн л начин цолны даваанд бүдэрсэн. Тэгээд л аймгийн начин, дараа жил нь аймгийн арслан Д.Амаржаргалтай үлдэж арслан болсон. Харин Бөхийн өргөөнд хамгийн анх Ду.Батбаяр начинтай учраа таарч байлаа. Хүзүү, сэрвээ нь овойсон их л том бөх харагдаад сүрдэж байж билээ. Намайг их дээр гаргаж ирээд унагаж байлаа. 2009 онд санагдаж байна, МҮБХ-ны ойд зориулсан барилдаанд аймгийн начин цолтой улсын начин У.Балжинням, Г.Наранбаатар нараар гурав давж, дөрвийн давааны нугалаагаар Г.Өсөхбаяр аваргад унасан. Энэ миний улсын цолтой бөх давсан анхны барилдаан л даа.
-Өөрийн чинь үеийн, улсын цолтой бөх гэвэл хэн хэн байна?
-Манай үеийнхэн чинь ер нь мундаг шүү дээ. Тухайлбал, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Пүрэвсайхан, начин А.Батмөнх, Л.Лха-Очир байна. Бид үндэсний бөхийн УАШТ-д цуг орж байсан юм. Анхны жил би наймдугаар байрт орсон. Дараа жил нь Амарын Батмөнх начин надад унаж, нэг унаатай түрүүлж байсан юм. Харин би одоогийн аймгийн заан Увсын Л.Цээсүрэнд унаад медалиас мултарч байлаа. Гэтэл нөгөө Л.Цээсүрэн маань10 нэлээн гарч байр эзэлдэг юм даа. Ингэж л барилдаж явсан залуус байгаа юм.
-Ахмад бөхчүүд залуучуудыг их спортоор хичээллэсэнгүй гэж шүүмжилдэг. Та бөхийн ямар төрлөөр давхар хичээллэж байна вэ?
-Одоогийн байдлаар дан ганц үндэсний бөхийн бэлтгэл хийж байна. Намайг сурагч байхад манай суманд бөхийн дугуйлан байсангүй. Хэрэв жүдо ч юм уу, чөлөөтийн дугуйлан байсан бол хамгийн түрүүнд очиж бүртгүүлэх байсан шүү.
-Та одоогоор ямар ажил хийж байна вэ?
-Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан. Хичээлийнхээ завсар чөлөөгөөр бэлтгэлээ хийгээд л явж байна.
-Ер нь дан ганц бөх барилдаад амьдрах боломж хэр байдаг юм бэ?
-Сайн барилдвал болохгүй зүйл байхгүй байх. Харин мань мэт шиг хүмүүс жаахан хэцүү л дээ.
-Ярилцсанд баярлалаа. Даншигийн цолоо улсын цолтой хослуулахаар тань дахин уулзъя.
-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад ХААИС-ийн удирдлагууд, хамт олонд болон, “Нью Майнд” группийн хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. “Нью Майнд” группийн захирал Г.Идэрмаа гэж бидэнд тус дэм болдог, нутаг усандаа элэгтэй хүн байдаг юм.
Д.Ганбаатар

Сэтгэгдэл (13)
нутгаас нь (112.72.13.154)
Дэлгэрсайханы Амарсайхандаа баяр хүргэе. өшөө илүү сайн барилдаж, монгол бөхийн ёс жудгаа дээдэлж, нутгаа ард олноо үргэлж баягаж яваарай.
зочин (202.21.106.131)
Та Монгол айлд зочилбол Улсын цолтой бөхийн эрэмбээр сууна, харин ганцхан ганданд очиод ном уншуулахаар суух бол Манжийн хааны сүнсийг баярлуулсан болохоор даншигийн цолоор эрэмлэгдэн суух бөгөөд Чой хамбалаа баярлахаас яахав. Ирэх жилээс ойгоо тэмдэглэж байгаа байгууллагууд өөрийн цол олгоод эхэлбэл монгол эр хүн бүр ямар нэг бөхийн цолтой болох байгаа гэж мунхаг би баярлан шимтэж сууна.
(112.72.13.184)
ulsiin zaan, danshgiin arslan 2 aild orj irvel ali ni deer ni suuh ym bee....
бат (50.141.79.7)
Тэгээд одоо даншигийн начин наадмын начин даншигийн арслан наадмын арслан 2- н аль нь том цол юм бэ энэ олон найраатай найраагvй цолон дунд чинь толгой эргэж орхилоо
Dashaa. D (103.26.195.102)
tsoloo batatgaj ahiulahiin toloo amjilt husey...
dashaa.d (103.26.195.102)
tsoloo ahiulahiin toloo amjilt husey...
dashaa.d (103.26.195.102)
tsoloo ahiulahiin toloo amjilt husey...
dashaa.d (103.26.195.102)
tsoloo ahiulahiin toloo amjilt husey...
dashaa.d (103.26.195.102)
tsoloo ahiulahiin toloo amjilt husey...
х (49.0.161.30)
алтан нутагийн дүү цол авч л таараа. Түвдэндорж аврагаас хойш хэн байдаг юм болоо
бөхий хорхойтон (202.131.225.197)
хөөрхөн барилддаг шигээ хөөрхөн ухаантай ярилцлага өгчээ. бие тоож сагсуурахгүй улам сайн барилдаарай. цол чимэгт шунахгүй сайхан барилдаад л байхад нэг өдөр л том амжилтанд хүрнэ шүү дүү минь
(27.123.213.5)
Тун ухаалаг ярилцлага өгсөн байна.Үнэхээр л монгол түмний өхөөрдөж хайрладаг бөх шүү дээ.Даншигийн цол авсанд нь баяр хүргэе.Дахин дахин амжилт.Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.
(202.179.11.226)
энэ бол цол биш хошгоруулаж байгаа юм шүү цаашидаа улсд сайн барилдаж цол авах хэрэгтэйдээ