Хүүхдийн спортын тавдугаар их наадам болно
- 2015-08-17
- Спорт
- 0

Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу хүүхдийн, оюутны, үндэсний болон бүх ард түмний спортын их наадмыг дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монголын хүүхдийн спортын тавдугаар их наадмыг энэ онд зохион байгуулах гэж байна. Уг наадмыг ирэх сарын 12-18-нд спортын 17 төрлөөр зохион байгуулах аж. Үүнтэй холбогдуулан V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэнд, спортын яаманд болов. Олимп, азийн наадмын жишгээр Улаанбаатар хотноо болох тус наадамд үндэсний хэмжээнд шалгарсан 2500 орчим хүүхэд, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочин, төлөөлөгчид оролцох юм байна. Энэхүү наадам нь удирдлага, зохион байгуулалтын төвшинд шинэ шатанд гарах, Монгол Улсад олон улс, тив дэлхийн хэмжээний спортын томоохон тэмцээн наадам зохион байгуулахад хүний нөөц, удирдлагын төвшинд бэлтгэх зорилготой аж. Монголын тамирчин хүүхдүүдийн хүсэн хүлээдэг энэхүү наадмыг амжилттай зохион байгуулахын тулд Эрүүл мэнд, спортын яам, зохион байгуулах хорооны зүгээс анхаарлаа хандуулж байгааг эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар хэлэв.
Э.ТӨВЧИМЭГ

Сэтгэгдэл (0)