Б.Номин: Аваргын төлөө барилдаанд л алдаа гаргачихлаа
- 2015-09-16
- Спорт
- 0
-Чөлөөтийн баг эх орондоо ирлээ-
Чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, сүүлийн 30 жилийн түүхэн дэх оргил амжилт үзүүлсэн эрэгтэй баг өчигдөр өдөр эх орондоо ирлээ. Ийнхүү дэлхийн аваргын гурван медаль, олимпын эрхийн зургаан жингээс дөрөвт нь эрхээ авсан тамирчдыг ар гэрийнхэн болон дэмжигчид нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа. Энэ тэмцээнээс монголын эрэгтэй шигшээ багийн анхны мөнгөн медалийг 61 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Номин зүүсэн бол хүрэл медалийг 57 кг-д Э.Бэхбаяр, удаах мөнгөн медалийг тэмцээний сүүлийн өдөр 74 кг-д барилдсан П.Өнөрбат нар хүртсэн юм. Ингээд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга Б.Номинтой цөөн хором ярилцлаа.
Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Америкт ажиллаж, амьдардаг монголчууд биднийг гайхалтай дэмжиж, урам хайрлаж байсан. Мөн цэнхэр дэлгэцээрээ бидний барилдааныг үзэж дэм хайрласан монголчууддаа их баярлалаа. Үүнээс гадна миний хувьд баярлах хүн маш олон байна. Шигшээ багийн дөрвөн багш, “Гацуурт” компанийн Чинбат захиралдаа талархаж буйгаа уламжлах нь зүйтэй. Манай эрэгтэй багийн хувьд 1990 оноос 2012 он хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт таван медаль авсан. Харин 2013 оноос хойш зургаан медаль хүртлээ. Үүнд маш их баяртай байгаа.
-Маш хүнд барилдаануудыг хийж, энэ амжилтад хүрлээ...?
-Тиймээ. Амаргүй байсан. Эхний тойргоос эхлээд сүүлийн барилдаан хүртэл чанга өрсөлдөгчтэй таарсан. Үнэндээ бэлтгэл сургуулилтаа хуваарийн дагуу хийж, багш нарынхаа заавар зөвлөгөөг авч байсан минь энэ амжилтад хүргэлээ.
-Аваргын төлөө барилдаанаа дүгнэвэл?
-Үнэнийг хэлэхэд аваргын төлөө барилдаанд алдаа л гаргачихлаа. Жаахан хариуцлагагүй барилдаан болсон. -Ярилцсанд баярлалаа.
Д.Булган

Сэтгэгдэл (0)