Л.Месси хоёр сар талбайд гарахгүй
- 2015-10-01
- Спорт
- 0

Ла лигийн VI тойргийн “Барселона”, “Лас Пальмес” багийн тоглолтын эхэнд Лионель Месси гэмтэл авч талбайг орхисон билээ. Түүнийг эмнэлэгт шууд хүргэсэн бөгөөд зүүн өвдөгний чагтан холбоос тасарсныг нь тогтоосон байна. Энэ нь нэлээд хүнд гэмтэлд тооцогддог ба мэс заслын дараа дор хаяж 7-8 долоо хоног талбайд гарах боломжгүй юм. “Барса”-гийн дасгалжуулагч Луис Энрике “Тоглогчид ээлж дараалан гэмтсээр байгаа нь харамсалтай. Тэр тусмаа л Месси хоёр сар тоглохгүй гэдэг маш муу мэдээ. Гэхдээ бид гол тоглогчоо байхгүйд ч уламжлалт арга барилаараа тоглох болно” хэмээн ярьсан байна. “Барселона”-гийн тоглогчдоос одоогоор Хорди Альба, Дани Алвес, Томас Вермаелен, Рафинья, Месси нар гэмтэлтэй байгаа бол дөрвөн тоглолтоор торгуулсан Пике, өвчтэй байсан Неймар нар дөнгөж ирээд байгаа юм. Багийн удирдлага нэгдүгээр сараас нааш тоглох эрхгүй шинээр авсан хоёр тоглогч Арда Туран, Алеиш Видаль хоёрыг тоглуулах зөвшөөрөл хүссэн утгатай захиаг ФИФАруу явуулсан бөгөөд одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа аж.

Сэтгэгдэл (0)