“Евро 2016”-д шууд оролцох багуудын нэр тодорлоо

 

Нэр хүнд, цар хүрээгээрээ Олимпийн наадам, хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа орох Европын аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Франц улсад болно. Дээрх тэмцээнд оролцох багуудын сонгон шалгаруулалт өндөрлөх дөхлөө. Хэсгийн шатанд буурал тивийн 52 улсын шигшээ оролцож, Англи, Чех, Исланд, Австри, Хойд Ирланд, Португал, Испани, Швейцарь, Итали, Бельги, Уэльс, Румын, Албани, Герман, Польш, ОХУ, Словак, Хорватын баг шууд “Евро 2016”-д оролцох эрхээ авлаа. Мөн хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн есөн улсаас Турк хамгийн өндөр чансаатай нь байсан учир шууд Европын аваргад оролцох эрхийг нь өгсөн юм.

 

Харин Босни, Украйн, Швед, Унгар, Дани, Ирланд, Норвеги, Словени улсын шигшээ багууд хоорондоо халз тоглож, сүүлийн азтангууд болох билээ.

 

Урд шөнө сонгон шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд болоход “А” хэсэгт Казахстан-Латви 1:0, Турк-Исланд 1:0, Чех-Голланд 3:2, “В” хэсэгт Бельги-Израйль 3:1, Босни-Кипр 3:2, Уэльс-Андорра 2:0, “Н” хэсэгт Болгар-Азербайжан 2:0, Итали-Норвеги 2:0, Хорват-Мальт улсын шигшээг 1:0-ээр тус тус хожлоо.

 

 

Ингэснээр “А” хэсэгт өрсөлдсөн 1988 оны Европын аварга, дэлхийн аваргаас 1974, 1978, 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртэж байсан алдарт Голландын шигшээ ирэх оны тивийнхээ аваргыг өнжихөөр боллоо. Тэд хэсэгтээ 10 тоглолт хийхдээ 5-д нь хожигдон 13 оноо авснаар дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

 

Энэ удаагийн сонгон шалгаруулалтын тэмцээнд Английн шигшээ ганцаараа зуун хувийн амжилт үзүүллээ. “Гурван арслангууд” Швейцарийг 2:0, 2:0, Словенийг 3:1, 3:2, Литвийг 4:0, 3:0, Эстонийг 2:0, 1:0, Сан Мариног 6:0, 5:0-ээр тус тус хожиж, хамгийн дээд оноо болох 30 оноо авсан. Тэднээс өмнө Европын аваргын урьдчилсан тэмцээнд Франц 1992, 2004 онд, Чех 2000 онд, Герман 2012 онд, Испани 2012 онд зуун амжилттай гаргаж, тивийнхээ аваргад оролцох эрхийг авч байлаа.

 

Г.Төмөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)