Зуны Олимпийн одод

 

“Цахилгаан Болт”

 

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон тус наадмыг угтаж, Олимпийн шилдэг тамирчдын тухай цувралаар уншигч танд хүргэж байна. Энэ удаа манай гарагийн хамгийн хурдан гүйгч “Цахилгаан Болт” хочит Ямайкийн алдарт гүйгч У.Болтын амжилтыг тоймлон танилцуулж байна.

 

2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпийн XXIX дэх наадмаас олон шилдэг тамирчин төрөн гарсан. АНУ-ын усанд сэлэгч М.Фэлпс найман алтан медаль хүртэж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон бол Ямайка улсын ойрын зайн гүйгч У.Болт гурван алтан медалийн эзэн болсон. Тэр цагаас хойш хэнд ч гүйцэгдээгүй У.Болт ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод болох зуны наадамд оролцохоор бэлтгэж байна.

 

У.Болт нэгэн ярилцлагандаа “Би 2017 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцоод зодог тайлна” гэж хэлсэн юм. Үүнээс харахад 2017 он дуустал ойрын зайд түүнээс тамирчин Олимп, дэлхийн аваргын титмийг хүртэж чадахгүй нь бололтой.

 

 

Алдарт гүйгч У.Болт 1986 оны наймдугаар сарын 21-нд төрсөн. Анх 2002 оны залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцож, 200 метрт алт, 4х100, 4х400 метрийн буухиа уралдаанд мөнгөн медаль хүртэж, олны анхаарлыг татаж байсан. Түүнээс хойш 2003 онд залуучуудын дэлхийн аваргаас 200 метрт алт, 2006 онд дэлхийн цомын мөнгөн медаль, 2007 оны дэлхийн аваргаас хошой мөнгөн медаль хүртжээ.

 

Үүний дараа 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн  зуны Олимпийн их наадмаас 100, 200, 4х100 метрт зургаан алт, дэлхийн аваргаас 2009 онд 3 алт, 2011 онд 2 алт, 2013 онд 3 алт, 2015 онд 3 алтан медалийг хүртээд байна.

 

 

Сүүлийн зургаан жилийн тавд нь дэлхийн шилдэг эрэгтэй хөнгөн атлетикийн тамирчнаар шалгарсан У.Болт 100, 200, 4х100 метрийн уралдаанд дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа аж. Үүнээс гадна “Бээжин 2008” зуны Олимпийн наадмаас гурван зайд алтан медаль авахдаа бүгдэд нь “Олимпийн рекорд” тогтоож байлаа.

 

Тэрээр олон улсын чанартай томоохон тэмцээнээс нийт 20 алт, 5 мөнгөн медаль авсан. Үүнийг тодруулбал зуны Олимпийн 6 алт, дэлхийн аваргын 11 алт, 2 мөнгө, дэлхийн лигийн тэмцээний 1 мөнгө, хамтын нөхөрлөлийн орнуудын спортын наадмын 1 алт, Төв Америк болон Карибын тэнгисийн аварга шалгаруулах тэмцээний 1 алт, залуучуудын дэлхийн аваргын хошой алтан медальт тамирчин болсон юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)