Европын мэргэн бууч Р.Левандовский

 

        “Евро 2016”-гийн урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 13-нд өндөрлөсөн. Хэсгийн шатнаас 19 улсын шигшээ баг Европын аваргад оролцох эрхээ шууд авсан. Харин үлдсэн найман баг нь хоорондоо халз тоглож, сүүлийн эрхийг авна.

 

Энэ удаагийн сонгон шалгаруулалтын мэргэн буучаар Польшийн довтлогч Р.Левандовский тодорлоо. Тэрээр арван тоглолтонд нийт 13 гоолыг оруулсан юм. Мөн шигшээ баг нь хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж, Францыг зорихоор болсон.

 

Польшийн шигшээ багийн довтлогч Р.Левандовский “Евро 2016”-гийн урьдчилсан шатны тоглолтуудад Гибралтарын шигшээ багийн хаалганд 6, Гүржийн хаалганд 3, Шотландын хаалганд 2, Ирландын хаалганд 1, Германы хаалганд 1 гоолыг тус тус хийсэн юм.

 

Тэрээр 1988 оны наймдугаар сарын 21-нд Варшав хотод төрсөн. Орон нутгийн “Дельта Варшав” багийн хөлбөмбөгийн клубээс гараагаа эхэлж, 2010 он хүртэл Польш улсдаа тоглосон аж. Үүний дараа 2010 оны зуны Германы “Боруссия Дортмунд” багийн бүрэлдэхүүнд ирж, гайхамшигт ур чадвараа дэлхий нийтэд харуулсан.

 

“Боруссия Дортмунд” 2012-2013 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд алдарт Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клубтэй оноолт таарахад Р.Левандовский И.Касильясийн хаалганд дөрвөн гоолыг хийсэн. Түүнээс өөр тоглогч “Реал Мадрид”-ын хаалганд дөрвөн гоол оруулалгүй хагас зуун жил болж байсан юм. “Дортмунд”-аас өнгөрсөн зун “Бавари Мюнхен” клубт ирсэн Р.Левандовский 38 тоглолтонд 29 гоолыг аль хэдийн хийгээд амжсан.

 

Мөн Германы дээд лигт 2011, 2012, 2015 онд түрүүлж, 2013 онд “Аваргуудын лиг”-ийн мөнгөн медаль хүртээд байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)