“Маракана” цэнгэлдэх хүрээлэнд зуны Олимпийн наадмын нээлт болно
- 2015-10-16
- Спорт
- 0

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн их наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Олимпийн наадамд оролцох, медаль хүртэх нь тамирчин хүний дээд хүсэл билээ. Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх наадам болох юм.
Тус улсын Засгийн газар нутагтаа болох их наадмын нээлтийг алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөжээ. Дээрх цэнгэлдэх хүрээлэнгийн албан ёсны нээлт 2014 оны зургаадугаар сарын 1-нд болсон.
Нэгэн цагт хамгийн олон үзэгчийн суудалтай байсан тус цэнгэлдэх хүрээлэн нь өдгөө шинэчлэгдэн орчин үеийн түвшинд хүрсэн. Мөн 250 мянган хүний суудлыг нь багасгаж, 80 мянга болгожээ.
“Маракана” цэнгэлдэх хүрээлэн Бразилийн ард иргэдийн хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамжийг нь агуулдаг. Хөлбөмбөгийн эх орон Бразил орон 1950 онд нутагтаа дэлхийн аваргыг зохион байгуулсан. “Самбагийн хаад” шигшээ тулаанд Уругвайд 2:1-ээр ялагдсан аж. Тухайн үед “Маракана”-д 173.850 үзэгч хуран цугларсан байсан билээ. Бразил өдгөө ч нутагтаа дэлхийн аварга бол үзээгүй хоёр улсын нэг нь хэвээр үлдсэн. Тэд 2014 онд мөн л гэртээ тоглосон ч хагас шигшээд Германд 7:1-ээр бут ниргүүлэн, 80 мянган үзэгч нүдэндээ нулимстай харьж байлаа.
“Маракана” цэнгэлдэх хүрээлэнд 2016 оны наймдугаар сарын 5-нд зуны Олимпийн ХХХI дэх наадмын нээлт болно. Энэ удаа 28 спортын 306 төрөл, зай, жинд манай гарагийн 207 орны 12000 орчим тамирчин оролцох төлөвтэй байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)