Олимпийн аварга А.Мустафина энэ оны дэлхийн аваргыг өнжинө
- 2015-10-16
- Спорт
- 0

Энэ сарын 23-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шотландын Глазго хотод болно. Уг тэмцээнд 2012 оны Лондонгийн зуны Олимпийн наадмын аварга А.Мустафина оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Тэрээр гэмтлийн улмаас өнжих болсон бөгөөд “Энэ оны дэлхийн аваргад оролцохгүй. Тийм болохоор бэлтгэлээ зогсоож амралтын байдалтай байна. 2015 оны Европын аваргад хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Нуруугаа гэмтээсэн учир хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн юм.
Алия Мустафина 1994 оны есдүгээр сарын 30-нд Егоревск хотод төрсөн. Гимнастикийн спортоор хичээллэх эхэлсэн цагаасаа хойш 2012 оны Лондонгийн зуны Олимпийн наадмаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл, Европын анхдугаар наадмаас 3 алт, 1 мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл, Дэлхийн оюутны спортын “Универсиад” их наадмаас 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн аж.
Одоогийн байдлаар уран сайхны гимнастикийн дэлхийн аваргаас ОХУ хамгийн олон медаль хүртээд байна. Тэд 144 алт, 121 мөнгө, 92 хүрэл, нийт 357 медаль авсан бол ОХУ-ын хүчтэй өрсөлдөгч БНХАУ-ын тамирчид 73 алт, 48 мөнгө, 35 хүрэл, нийт 156 медалийг авсан байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)