Х.Сүнжидмаа: Сүмогоор олон жил хичээллэснийх эмэгтэй тамирчдаа дасгалжуулна даа

 

        Сүмогийн дэвжээнд эрчүүдтэй эн зэрэгцэн барилдаж, дэлхийн аваргад хоёронтоо түрүүлээд буй олон улсын хэмжээний мастер Х.Сүнжидмааг ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр Японд гэр бүлээрээ амьдарч, сурч байгаад эх орондоо ирээд удаагүй байгаа юм.

 

-Монголчууд нэгнээсээ бөхийн удам судрын талаар асууж, их сонирхдог. Тиймээс би танаас ярилцлагын эхэнд энэ талаар асуумаар байна. Та аль нутгийн хүн бэ, гэр бүлд тань барилддаг хүн бий юү?

 

-Манай аав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул. Ээж маань Архангайн хүн л дээ. Би тэнд төрж, ерөнхий боловсролын сургуульд сурсан. Хөдөө аж ахуйн дээд сургуульд элссэнийхээ дараа бөхөөр хичээллэсэн. Тухайн үед “Монгол охид” клубт С.Эрдэнэбат, Ч.Базарсүрэн нарын удирдлага дор бөхөөр хичээллэж байгаад 2002 онд болсон сүмогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр өнөөдрийн амжилтын эхлэлээ тавьсан гэж боддог. Тэр тэмцээний дараа сүмогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, дэлхийн аваргаас хүрэл медаль авснаас хойш сүмогоор дагнан хичээллэсэн. Би найман хүүхэдтэй айлын тав дахь нь. Аав маань бие томтой, залуудаа чөлөөт бөхөөр барилддаг байсан. Өөрөө барилдаж байсан болохоор намайг бөхөөр хичээллүүлэх сонирхолтой байдаг. Энэ сонирхлыг нь манай нөхөр хөгжөөж намайг тэмцээнд оролцох бүрт дэмждэг. Би ханьтайгаа 2008 онд гэрлэсэн. Бөхийн спортод дуртай, хүндэлдэг хүн учраас намайг ойлгодог юм.

 

-Мөргөж, алгадаж, цохиж байгааг нь харахад л амаргүй санагддаг энэ спортод гарт орсон мэх танд байдаг уу?

 

-Сүмогоор хичээллэхэд тэсвэр тэвчээр их шаардана. Жүдо, чөлөөт, самбо бөхөөр барилдаж байгаа хүмүүс барилдааны үеэр хэсэг хугацаанд завсарлаж амардаг. Сүмо нэг л эхэлсэн бол ялж, ялагдаж байж дуусдагаараа онцлогтой. Тиймээс ч сүмог хүчилтөрөгчгүй тэмцээний төрөл гэж хэлдэг юм билээ. Миний хувьд барилдахдаа өрсөлдөгчөөсөө түрүүлж босч, барьцанд хүрч чадвал болж байгаа нь тэр. Япончууд барьцанд хүргэхгүйн тулд босч ирэхдээ хүчтэй мөргөдөг. Ер нь барьцгүй барилдах нь япончуудын онцлог юм даа.

 

-Та хүчний бэлтгэл хийдэг үү?

 

-Хийдэггүй. Багын том биетэй бас бяртай хүүхэд байсан.

 

-Таны бэлтгэл хангагчаар ямар хүмүүс ажилладаг вэ. Монголд эмэгтэй сүмо хөгжөөгүй болохоор ихэвчлэн эрэгтэй хүмүүстэй бэлтгэл хийдэг үү?

 

-Жүдо, самбо бөхөөр хичээллэж байгаа охидтой барилдаж, бэлтгэл хийдэг. Заримдаа хөнгөн жингийн бөхчүүдтэй ч барилддаг. Ингэж бэлтгэл сургуулилтаа олон төрлөөр хийхгүй бол нэгэн хэвийн байдалд орчих гээд байдаг юм. Би +80 кг-ын жинд барилддаг. Тиймээс хүмүүстэй барилдаж, бэлтгэл хийх шаардлага тулгардаг. Миний гол өрсөлдөгчид Украин, Орос, Японоос оролцдог юм. Ер нь эмэгтэй сүмо хурдан хөгжиж байна. Манай улсад ч гэсэн удахгүй жин бүрт бөхчүүд барилддаг болно гэдэгт итгэлтэй байна. Кёкүшюзан Батбаяр Монголын сүмогийн холбоогоо Хакуход өгөх гэж байгаа. Тиймээс удахгүй сүмогийн тамирчдаа урамшуулан цалинжуулж, хөгжилд нь анхаарах байх гэж бодож байна.

 

-Та Япон руу бэлтгэл, сургуулилт хийхээр явсан юм уу?

 

-Өмнө нь ажиллаж амьдарч байгаад ирсэн. Сая сургуульд сурахаар явсан юм. Японд болсон олон улсын тэмцээнд түрүүлэхэд Японы нэгэн сургуулиас “Манай сургуульд ирж суралцана уу” гэж урьсан. Тэгэхдээ сурч байх хугацаандаа тэр сургуулийн нэрийн өмнөөс сүмогийн тэмцээнд оролцох шаардлага тавьсан. Үүний дагуу сурангаа барилдаж байгаад ирлээ. Удахгүй Япон руу явж тэмцээнд оролцох байх. Хүмүүс ингэж хэлэхээр намайг Япон улсын нэрийн өмнөөс барилддаг болсон гэж буруу ташаа ойлгож магадгүй. Хэдийгээр би Японд сурч байх хугацаандаа тухайн улсын нэрийн өмнөөс барилдсан ч Монгол Улсын тамирчин хэвээрээ. Японд сүмогийн тэмцээн байнга зохион байгуулдаг. Тэнд байхдаа би гурван тэмцээнд оролцсоноос хоёрт нь түрүүлсэн. Эмэгтэй сүмоч цөөн байдаг болохоор намайг түрүүлэхэд манай сургуулийнхан хөл нь газар хүрэхгүй байсан.

 

-Япончууд үндэсний спорт болсон сүмогийнхоо хөгжилд хэрхэн анхаарч байна?

 

-Сургууль болгон сүмогийн дэвжээтэй. Олон хүүхэд нэг бэлтгэл хийхээрээ гурван цаг үргэлжилнэ. Тэд бэлтгэлээ манайхан шиг зөөлөн дэвжээн дээр хийдэггүй. Мэргэжлийн шавран дэвжээн дээр бэлтгэлээ базаадаг. Шавран дэвжээн дээр унахад шалбарах наад захын бэртэл болдог. Бэлтгэлийн үеэр хүчтэй мөргөснөөс толгойдоо гэмтэл авах тохиолдол ч гардаг. Японд эмэгтэй сүмоч цөөн, эрэгтэй нь олон. Тиймээс би Японд байхдаа тэмцээний бэлтгэлээ эрчүүдтэй хийдэг байсан.

 

-Та цаашид хэдэн жил барилдана гэсэн бодолтой байгаа вэ?

 

-Дөрвөн жилд нэг удаа болдог “World game” ирэх онд болно. Энэ тэмцээнд дэлхийн аваргаас медаль авсан тамирчид урилгаар оролцдог учраас би барилдана. Ер нь цаашдаа сүмогоор олон жил хичээллэснийх эмэгтэй тамирчдаа дасгалжуулна гэсэн бодолтой явдаг. Тамирчин хүнд бэртэх шиг хэцүү зүйл байдаггүй. Миний хөлийн хурууны үе амархан мултардаг болчихсон. Тиймээс тэмцээнд оролцохын өмнө хөлийн хуруунуудаа боодог болсон.

 

-Сүмогоор хэдэн настайгаасаа хичээллэвэл тохиромжтой бол. Заавал жин ихтэй хүн хичээллэх шаардлагатай юу?

 

-Аль болох багаасаа хичээллэвэл суурь нь сайн тавигдана. Монголд эрэгтэй хүүхдүүд сүмогоор хичээллэж байна. Харин эмэгтэй хүүхэд цөөн. Манай сүмочид бяртай, мэдрэмжтэй учраас амжилт их гаргадаг. Сүмогоор хичээллэх хүн заавал жин ихтэй байх албагүй. Тэмцээний аваргыг жин тус бүрт тодруулдаг учир хөнгөн жингийн сүмоч болсон ч амжилт гаргаж чадна. Ер нь хүн спортоор хичээллэснээр ахмад настай хүмүүсийг хүндэлдэг, дэг журамтай болж хүмүүждэг юм. Нөхөр бид хоёр том охиноо жүдогоор хичээллүүлэх бодолтой байгаа. Аав нь охиноо бөх болоход нь маш их дэмждэг.

 

-Та мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч үзэж байгаа аварга, арслангуудтай бэлтгэл хийж, барилдаж байв уу?

 

-Барилдаж байгаагүй. Тэмцээнд оролцохын тулд А.Сүхбат аварга, Б.Ганбат арслан зэрэг үндэсний бөхчүүдтэй барилдсан. Олон улсын тэмцээн Японд болоход биднийг Хакухо аварга хүлээж авч уулздаг. Хакухо аварга өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголынхоо тамирчдыг купалник авч өгч жигдрүүлсэн.

 

-Та өөрийнхөө жинд шавь бэлтгэж байна уу?

 

-Миний жинд саяхан залуучуудын дэлхийн аварга болсон Г.Түвшинжаргал гээд охин бий. Түүнээс биш +80 кг-ын жинд барилдах эмэгтэй сүмоч олддоггүй. Яг бие дааж дасгалжуулж байгаа тамирчин байхгүй. Дасгалжуулагч болбол сүмогоор хичээллэх хүүхдүүдийг өөрөө олж бэлтгэнэ дээ.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)