“ИХ НАЙМ”-ын уулзалт эхэллээ
- 2012-04-12
- Дэлхий
- 0
“Их Найм” буюу “Наймын бүлэг”-ийн Гадаад харилцааны сайд нарын уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эхэллээ. Уг бүлэгт АНУ, Их Британи, Франц, Итали, Герман, Япон, Канад, ОХУ багтдаг. Франц Улс “Зургаагийн бүлэг” гээчийг санаачлан 1975 онд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч зургаан орны төр, засгийн тэргүүн нарын уулзалтыг өөрийн орондоо зохиож байсан юм.

“Их Найм” буюу “Наймын бүлэг”-ийн Гадаад харилцааны сайд нарын уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эхэллээ. Уг бүлэгт АНУ, Их Британи, Франц, Итали, Герман, Япон, Канад, ОХУ багтдаг. Франц Улс “Зургаагийн бүлэг” гээчийг санаачлан 1975 онд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч зургаан орны төр, засгийн тэргүүн нарын уулзалтыг өөрийн орондоо зохиож байсан юм. “Зургаагийн бүлэг” дараа жил нь Канадыг эгнээндээ элсүүлж “Долоогийн бүлэг”, 1997 онд ОХУ-ыг мөн элсүүлж “Наймын бүлэг” болжээ. Бүлгийн орнууд жил бүр хоорондоо ээлжлэн уулздаг бөгөөд энэ оны уулзалт АНУ-д болно. Үүний дагуу АНУ ирэх сарын 18, 19- нд болох “Наймын бүлэг”- ийн удирдлагууд буюу төр засгийн тэргүүн нарын уулзалтын өмнөх Гадаад харилцааны сайдуудын уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтаар тэд Ойрхи Дорнодын байдал, үй олноор хөнөөх зэвсгийн дэлгэрэлт, терроризм, далайн дээрэм зэрэг асуудлыг голлон нэлээд олон асуудал хэлэлцэнэ гэж АНУын Төрийн департаментын төлөөлөгч батлав. Төрийн департаментаас баталсан хэлэлцэх асуудлын эхэнд терроризмоос гадна хар тамхийг оруулсан байна. Сүүлийн жилүүдэд олон улсад заналхийлж буй терроризмын аюул буураагүйн улмаас энэ асуудлыг нэн тэргүүнд тавьжээ. Найман орны Гадаад харилцааны сайд нар терроризм, хар тамхины наймааг таслан зогсооход хамтран ажиллах талаар хэлэлцэж мэдээлэл солилцох аж. Мөн 2010 онд Канадад зохиогдсон уулзалтаас батлагдсан терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах урт хугацааны төлөвлөгөөний хэрэгжилт болон олон улсын террорист сүлжээний байгууллага “Аль-Кайда”- гийн эсрэг баталсан НҮБын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг дэмжин ажиллах талаар ярилцах аж. Үүний дараа Ойрхи Дорнодын орнуудын өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа Сирийн хүчирхийллийг таслан зогсоож Башар аль-Ассадын хүчийг бууруулах тухай хэлэлцэх гэнэ. Хүчирхийлэл хамгийн их явагдаж буй Ойрхи Дорнод, Хойд Африк болон Израиль-Палестиний энхийн хэлэлцээрийг ч мөн хөндөнө. Ардчилсан өөрчлөлт, улст өрийн шинэчлэл Ойрхи Дорнод, Хойд Африкт хүчирхийлэл гарах шалтгаан болж байгаа аж. Тиймээс энэ өөрчлөлтийг дэмжин ажиллахыг “Наймын бүлэг”- ийн орнууд, ялангуяа ОХУын талд тавихаар АНУ зэхэж байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)