Рик Санторум нэрээ татлаа
- 2012-04-12
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байсан
Пенсильвани мужийн сенатч асан Рик Санторум кампанит ажлаа орхилоо.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байсан Пенсильвани мужийн сенатч асан Рик Санторум кампанит ажлаа орхилоо. Тэрбээр Массачусеттс мужийн амбан захирагч асан Митт Ромнигийн гол өрсөлдөгч байсан юм. Ингэснээр Митт Ромни Цагаан ордны өнөөгийн тэргүүн Барак Обаматай АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн төлөө нүүр тулах нь тодорхой боллоо. Учир нь нэр дэвших эрхийн төлөөх сунгаанд хүч үзэж буй Ньют Гингрич, Рон Пауль нараас М.Ромни хэдийнэ хол тасарсан юм. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байсан улстөрчдөөс эдгээр дөрвөн нэр дэвшигч л үлдээд байсан бөгөөд тэд бүгд Бүгд найрамдах намын гишүүд юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль Бүгд найрамдах болон Ардчилсан нам хоёрын дунд болно. Ардчилсан намаас Барак Обама өрсөлдөх бол Бүгд найрамдах намаас Митт Ромни өрсөлдөнө. Учир нь АНУ-ын парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын спикер асан Н.Гингрич хоёрхон мужид ялалт байгуулсан бол уг танхимын гишүүн Рон Пауль нэг ч мужид ялалт байгуулаагүй юм.
Харин М.Ромни 18 муж болон нийслэл Вашингтон хотод ялалт байгуулсан. Р.Санторум арав гаруй мужид ялалт байгуулж түүний араас ойрхон нэхэж явсан ажээ. Р.Санторум нэрээ татаж кампанит ажлаа орхиж болсон шалтгаанаа охинтойгоо холбон тайлбарласан байна. Түүний гурван настай охин Изабелла “Эдвардсын синдром” хэмээх удамшлын хүнд өвчтэй бөгөөд бие нь муудаж саяхан эмнэлэгт хүргэгджээ. Рик Санторум долоон хүүхэдтэй.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)