“Жудагт Монгол” хөдөлгөөнөөс эрдэмтэд судлаачдын томоохон багаа УИХ-д сойхоор зэхэж байгаа гэв

“Жудагт Монгол” хөдөлгөөний тэргүүн, Уламжлал академийн захирал, АИХ-ын орлогч дарга асан,  МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням гуайтай удахгүй болох сонгуулийн талаар цөөн асуултад хариу авлаа.

-Сонгууль хойшлохгүй  нь тодорхой болж байх шиг. Жудагт Монгол хөдөлгөөн энэ удаагийн УИХ-ын  сонгуульд ямар байр суурьтай оролцох төлөвтэй байна

-Жудагт Монгол хөдөлгөөн 2020 оны сонгуулийг  зүгээр хараад суухгүй, идэвхтэй оролцоно гэсэн бодолтой багагүй ажил хийж байна. Судалгаа  нэлээд  хийлээ. Бид  УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд болон  УИХ, Засгийн газар, улс төрийн намуудад  тодорхой  үнэлгээ өгсөн.

Тэгээд энэ удаагийн сонгуульд хэн хэнийг  нэр дэвшүүлж болохгүй бэ, хэн хэнийг УИХ-ын гишүүнээр сонгуулахаар нэр дэвшүүлбэл зүйтэй   гэдэг талаар тодорхой байр сууриа илэрхийлнэ.

Нөгөө талаар манай сонгогчид сонгох хүн алга,  бүгд л адилхан  байна. Хэнийг сонгохоо мэдэхгүй байна гэсэн өгүүлэл их тавьдаг. Тэгвэл энэ  удаа бид боломжтой  хүмүүс байгаа  гэдгийг ил гаргаж тавих, сонгож болохуйц  хүмүүсийг олж   тодруулах, нэр дэвшүүлэхээр  бэлдэж байна.

Удахгүй олон нийтэд мэдээлэх болно.  Монгол төрийг хөрөнгө мөнгөөр худалдаж авахыг санаархагч  хэн нэгэнд  биш маш хариуцлагатай хүмүүсийн гарт өгөх ёстой гэдгийг сонгогчид ухаарч байх шиг байна. 

Сонгуулийн үеэр сонгогчдыг олон талаас нь янз бүрийн арга замаар нөлөөлж тэдний баримжааг их алдуулаад байх шиг. Энэ удаад  сонгогчдод нөлөөлөх гэсэн оролдлого,  нөлөөлөл улам хүчтэй болох шинжтэй байна. Мөнгө ч их зарцуулагдах төлөвтэй.

Яахав сонгогчид мөнгө өгвөл авна биз.  Сонгуульд зарцуулагдах гэж байгаа энэ их мөнгийг тооцоод сонгогч бүрд ямар мөнгө ноогдох боломжтой хүн бүр  бодож үзэх хэрэгтэй. Түүнийгээ аль болохоор бүрэн олж авах хэрэгтэй. Харин сонголтоо   оновчтой   хийж, төрөө их ухаалаг, шудрага, зарчимтай  байгуулж  чадвал дахиад бүр ч их мөнгө олдоно гэдгийг анхаарахад гэмгүй болов уу. Учир нь өнөөгийн улс төрчидийн  авилга хээл хахуул, ЖДҮ зэрэгт урсаж байгаа мөнгийг зогсоож чадвал  жинхэнэ юм хийж байгаа хүмүүсийн гар дээр  ахиу мөнгө  очих нь ойлгомжтой биз дээ.  

Сонгогчид маань энэ удаа  жаахан ухаан зарж  давхар хожих тэр гарцыг л хаймаар байна.

-Жудаг Монгол хөдөлгөөнөөс хоёр нэрсийн жагсаалт гарах юм байна гэж ойлголоо. Зөв үү. Тэгвэл Сонгож болох хүмүүсийг ямар шалгуураар тодруулж хэрхэн нэр дэвшүүлэх бил ээ. 

 

-Тийм. Нэг жагсаалт нь сонгож болохгүй хүмүүс.  Нөгөө нь сонгогдох  ёстой хүмүүс. Ер нь бол Монголын төрийн мөнгөөр  байгуулж байсан,  ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг мөнгөөр худалдаж авч байсан түүх байгаагүй. Харин сүүлийн үед ийм гажиг үүсээд байна. Бид энэ буруу зуршлыг үргэлжлүүлэхгүй таслан зогсоох хэрэгтэй болоод байгаа юм.

Бид  мөнгөтэй, шуналтай  хүнийг биш оюун ухаан, мэдлэг боловсролтой  улс орноо  гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүсийг олж таньдаг, тэднээ гаргаж ирдэг   дэмждэг болох  ёстой. Ийм  хүмүүс  нь төгрөг мөнгөний хойноос бус  жинэхэн эрдэмтэн хүний хувьд, судлаач хүний хүвьд, асуудлын гарц гаргалгаа, шийдлийг мэдэж байгаа хүний хувьд,  төрийн тогтолцоог зөв болгох, түүнд гар бие оролцох гэсэн хүсэл тэмүүлэлтэй  байх нь чухал.  

Сонгож буй гол шалгуур мэргэжил мэдлэг  чадвар байх нь мэдээж.  Хамгийн гол нь Монгол төрийн бодлого ямар  замаар явбад  зөв  гэдэг талаар өөрийн гэсэн итгэл үнэмшил  сууж,  үзэл бодол нь цэгцэрсэн хүмүүсийг дэвшүүлэхээр бэлдэж байна. 

 

-Сонгууль ярихаар ямар нэг нам эвсэлийн тухай ярих хэрэг гардаг. Гэтэл ард түмэн нам гээч зүйлийг үзэн ядаад байдаг. Та бүхэн ямар намыг сонгож байна. Эсвэл бие даалгах гэж байна  уу.

 

-Эрх зүйн орчны тухай их бодсон. Бие даалгах талаар  саналууд их гарч байсан ч тэдний хүч  төрийн бодлого болох тал  дээр  их учир дутагдалтай юм  байна.  Одоогоор яг  тийм  намтай хамтран ажиллана гэж ярихад эрт байна.  Ямар ч байсан өнгөрсөн  30 жилд засаг барилцаагүй, элдэв муу юманд хутгалдаагүй, мөнгө төгрөг, авилгал хээл хахуултай орооцолдоогүй,  бохир ул мөргүй шинэ  нам,  улс төрийн хүчнийг  гаргаж ирэх санаа байна. Намыг байгуулсан хүмүүс нь ч Засаг төрд ажиллаж  элдэв  нөхөдтэй хэлхээ  сүлбээгүй  байх ёстой гэсэн чиг барьж байгаа.

Ямарваа юмыг нэг өдөр л эхэлж хийдэг.  Өнөө болтол юм хийгээгүй намыг хэзээ ч юм хийхгүй. Өнөө болтол танигдаагүй улс төрийн хүчнийг хэзээ ч таниглдахгүй  хэмээн  үзэж болохгүй.  Бидний хамтран ажиллах гэж байгаа нам нэг их  юм хийж амжаагүй, нэг их сүр дуулиантай болж чадаагүй байгаа. Гэхдээ ийм тусмаа сайн гэж үзэж байгаа. Шинэ тулгар намыг  хөгжүүлж бэхжүүлэх  ажлыг өнөөдрөөс  эхэлж хийж болно.

 

-Тэгэхээр та бүхэнд нэр дэвших 76 хүн байгаа гэж ойлгож болох уу.

 

-Одоогийн Их хурлын бүтэц бүрэлдэхүүн, хийж буй ажилд   бодлогоор  анхаарч  арай өөрөөр авч үзэж бүрдүүлэх  цаг болсон.   Одоо бол УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь бизнесүүд, мөнгөтэй хүмүүс болчихоод байна шүү дээ.  Улс төрийн намууд нэр дэвшигчдээсээ хамгийн эхлээд мөнгөтэй  юу гэдгийг нь л сонирхож байна. Гэтэл мөнгө хийдэг үндсэн ажилтай хүмүүс чинь мөнгөнийхөө төлөө явахаас өөр яах ч билээ дээ. 

 

Зүй нь 76 гишүүний  дотор  төрийн ажлыг мэддэг, түшиг тулгуур болсон ноён нуруутай ахмад настай хэдэн хүн баймаар байна. Бас цөөн  хувь нь шинэ залуу ирээдүйд төрд бэлтгэгдэж байгаа идэр  залуус  байх хэрэгтэй. Малчид болон салбар салбарын ажлаа мэддэг, салбараа мэддэг төлөөллүүд заавал байх хэрэгтэй байна.

 

Голлох ноён нурууг нь  40 гарч дөрвөө дарсан жинхэнэ ажиллах, бичиг цаастай зууралдах, ард түмнийхээ ажил амьдрал зовлон жаргалыг сайн мэддэг, ачааны хүндийг нуруундаа үүрэх  хүмүүс байх ёстой.  Энэ баримжааг чигээ болгож бид хүнээ бүрдүүлсэн.  Ерөнхийдөө эрдэмтэд судлаачдын томоохон баг сойхоор  зэхэж  байгаа гэж ойлгож болно. 

 

Ярилцсан: Д.Уламбаяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.185.79)

    2020-04-16

    Манай Хурц гуай дунд нь тууж явна. Сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг сонгуулийн хуулиар нам, эвсэл бие даагчдыг СЕХ зарлах ёстой шүү дээ. Хэдэн ахмад хүмүүс суучихаад эднийг бүү сонго, эднийг сонго гэвэл ёстой нөгөө хүний сонгох, сонгогдох эрхэнд халдсан зүйл болох биш үү??? Ахмадуудаа. Хуулиа сахиж амьдрая.

  • (202.9.40.132)

    2020-04-14

    Эндээс л олон хүн гарах ёстой юм шүү дээ Тэднийг дэмжсэнээр бид алдахгүй