Хойд солонгос пуужин хөөргөхөө хоёр өдрөөр хойшлууллаа
- 2012-04-13
- Дэлхий
- 0
Пхеньяний эрх баригчдыг пуужин хөөргөх гэж байгааг өнгөрөгч сарын эхнээс л олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн. Үүний дараа АНУ, Өмнөд Солонгос, Япон Улс Хойд Солонгосын эл үйлдлийг буруушаан, пуужин хөөргөх төлөвлөгөөгөө цуцлахыг шаардаж, хөөргөсөн тохиолдолд замаас нь устгана гэж мэдэгдсэн.

Пхеньяний эрх баригчдыг пуужин хөөргөх гэж байгааг өнгөрөгч сарын эхнээс л олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн. Үүний дараа АНУ, Өмнөд Солонгос, Япон Улс Хойд Солонгосын эл үйлдлийг буруушаан, пуужин хөөргөх төлөвлөгөөгөө цуцлахыг шаардаж, хөөргөсөн тохиолдолд замаас нь устгана гэж мэдэгдсэн. Харин Хойд Солонгосын албаныхан төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж мэдэгдэхийн зэрэгцээ дээд удирдагч Ким Чен Ир мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 12-16-ы дотор пуужингаа хөөргөнө гэсэн юм. Үүний дараа тус улс энэ сарын 12-нд пуужин хөөргөнө гэж байсан ч хоёр өдрөөр хойшлуулан энэ сарын 14-ний бямба гаригт хөөргөхөөр болсон байна. Хойд Солонгосын хоёр дахь их удирдагч Ким Ир Сен дөрөвдүгээр сарын 15-нд мэндэлсэн. Хойд Солонгосыг пуужин хөөргөх гэж байгаад дээрх гурван улсаас гадна ОХУ, Хятад, Филиппин Улс санаа зовж байгаа нь ил боллоо. Түүгээр ч зогсохгүй ОХУ Хойд Солонгосын пуужинг устгахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Хятад Улс ч хиймэл дагуулд нь аюул учруулах хэмжээнд ойртож ирвэл устгана гэв. Мөн Филиппиний Засгийн газар пуужин илрүүлэх, устгах систем бүтээхэд технологийн дэмжлэг үзүүлэхийг АНУ-аас хүссэн байна. АНУ, Япон, Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосыг пуужин хөөргөх гэж байгааг тив алгасагч пуужин бүтээх зорилготой гэж үзэж байгаа бол Пхеньяний албаныхан төлөвлөгөөгөө энхийн зорилготой гэж мэдэгдсээр байна. Тэдний хөөргөх гэж буй “Унха-3” пуужин нь их биедээ “Кванмёнсон-3” хэмээх хиймэл дагуулыг тээсэн гэнэ. Уг хиймэл дагуул дэлхийг сансраас ажиглах, харилцаа холбооны зориулалттай аж. Олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Пхеньяний эрх баригчид пуужин хөөргөх ажиллагаанд олон улсын сэтгүүлчдийг ажиглагчаар урьсан билээ. Дэлхийн 20 орчим орны 60 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчин тус улсад очсон байна. Тэдний баталж буйгаар Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөх нь тодорхой болжээ. Учир нь тэд пуужинг саяхан шатахуунаар цэнэглэсэн байна. Пуужингийн шатахууны савыг дүүргэх ажиллагаа 9-10 цаг үргэлжилжээ. Хойд Солонгосын хиймэл дагуулын удирдах газрын дарга Пэк Чон-хоу “Пуужинг хөөргөх бүх ажил дууссан. Бид төлөвлөсөн хугацаандаа амжлаа” гэж олон улсын сэтгүүлчдэд ярьжээ. Сэтгүүлчдийн хэлснээр тус улс хиймэл дагуул тээсэн пуужинг нийслэл Пхеньянаас баруун хойд зүгт 20 орчим километрийн зайтай газраас хөөргөнө. Гадаадын сэтгүүлчдийн баг өнгөрөгч лхагва гаригт тус бүс нутагт зочилсон байна. Хойд Солонгосын хиймэл дагуулын удирдах газрын дарга Пэк Чон-хоу цааш нь сэтгүүлчдэд “Энэ бол ердөө л хиймэл дагуул. Цэнэгт хошуутай пуужин биш. Тиймээс бид пуужингийн чухал мэдээллийг гаднын орнуудтай хуваалцахаар Та бүхнийг урьсан. Хойд Солонгосын ард түмэн биднийг буруушааж буй гаднын мэдэгдэлд огтхон ч санаа зовохгүй байгаа. Хиймэл дагуул хөөргөх нь манай орны эдийн засагт чухал ач холбогдолтой. Яагаад бид эдийн засгаа хөгжүүлэх энэ чухал алхмыг хийж болох гэж. Тусгаар тогтносон бүрэн эрхт улс энхийн зорилгоор хиймэл дагуул хөөргөх нь тухайн орны эрх. Америкчууд энэ асуудлыг хэтэрхий хүндрүүлж байна. Тэд БНАСАУ-ын цэргийн хүчийг дэгсдүүлэн ярьж байна” гэжээ. Хойд Солонгос өмнө нь хоёр ч удаа пуужин хөөргөх оролдлого хийж байжээ. Тус улсыг пуужин хөөргөхтэй холбогдуулан Өмнөд Солонгос АНУ-аас баллистик пуужингийнхаа тусах зайг нэмэгдүүлэхэд тусламж хүссэн байна. Өмнөд Солонгосын баллистик пуужин хамгийн холдоо 300 километрийн зайд байгаа онож чаддаг гэнэ. Энэ нь Өмнөд Солонгосын пуужин Хойд Солонгосын бүх нутагт хүрч чадахгүй гэсэн үг бөгөөд тус улс хойд хөршийнхөө хамгийн захын нутагт ч хүрдэг пуужинтай болохыг хүссэн байна. Харин Японы Засгийн газар Хойд Солонгосыг пуужин хөөргөх гэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Мөн тус улсын Ерөнхий сайд Ёшихико Нода “Хойд Солонгосын пуужинг утсгахад бэлэн” гэж дахин мэдэгдэв. Энэ хүрээнд тус улс хуурай газрын сөнөөгч техникүүдээ нутгуудад тараан байршуулсан байна.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)