Коронавирусын цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэн яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэв

  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Коронавирусын цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэн яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг хэлэлцлээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, коронавирусийн халдвараар өнөөдөр 2.5 сая хүний өвчлөл бүртгэгдэж, манай улсад өнөөдрийн байдлаар 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.   

    Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу 4 бүлэг 19  зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ. 

    Уг хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ.

Мөн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна.

Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсныг танилцуулгад дурджээ. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах үеэр тодорхой саналуудыг хүргүүлэх, төслийн зарим зүйл, заалтыг засч сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Тухайлбал, цар тахлын улмаас орон гэргүй болсон иргэдийг орон байр, хоол хүнс, ундны усаар хэрхэн хангах, хүнсний талон өгөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. 

   Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)