ОХУ-аас ирсэн нэг оюутнаас "КОВИД-19" халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 38 боллоо
- 2020-04-26
- Нийгэм
- 0

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.26/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 38 боллоо.
- Тухайн тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд Алтанбулагийн боомтоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байжээ.
- Өнөөдрийн байдлаар, ОХУ-аас ирсэн 32 оюутны 21 нь халдвартай болох нь батлагдаад байна.
- 2020.04.25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 209 (PCR) шинжилгээ хийжээ.
ХӨСҮТ-ИЙН 2 ЛАБОРАТОРИ:
- Налайх, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 9 сорьцонд халдвар илрээгүй.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЛАБОРАТОРИ:
- Алтанбулагийн боомтоор ирсэн 32 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, ажиглалтад байсан 137 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр 1 хүнд "Ковид-19" илэрсэн нь энэ юм.
- 2020.04.24-нд Дорноговь аймагт илэрсэн 1 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу "сөрөг" гарч, халдваргүй болох нь батлагдлаа.
- Нийт батлагдсан 38 тохиолдлын 9 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 29 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Франц улсын иргэний биеийн байдал эрс сайжирсан ч цэрний шинжилгээнд халдварын вирус цөөн тоогоор тоологдож байгаа аж.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 743 хүн ажиглалтад байгаа бөгөөд 315 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
