БНСУ-руу хоёр, ХБНГУ-руу нэг нислэгийг хийнэ

Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаанаар иргэдээ гадаадаас татан авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэв.  БНСУ-руу хоёр, ХБНГУ-руу нэг нислэгийг тус тус хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг өмнөх нислэгүүдийн адил сайтар зохион байгуулалттай удирдан явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. БНСУ-руу хийх хоёр удаагийн нислэгийн нэгийг зөвхөн Солонгос Улсад байсан иргэдээр, нөгөөг транзит нислэгээр Сөүлээр дамжин Монгол Улсдаа ирж буй иргэдээр дүүргэж ялган тээвэрлэх аж.

Энэ нь халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж буй юм. Тусгай зориулалтын нислэгт суух иргэдэд ковид-19-ийн халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг УОК-оос тавьж байгаа билээ. Энэ дагуу Солонгос дахь Монгол иргэдэд Солонгосын тал шинжилгээ хийж өгч байгаа бол транзит нислэгээр Сөүлд ирсэн Монгол  иргэд шинжилгээнд хамрагдаж чадаагүй байх нөхцөл байгаа учир ийнхүү хоёр тусдаа нислэг зохион байгуулж буй юм. Австрали, Энэтхэг болон дэлхийн бусад олон улс орнуудаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлт тавьж, тусгай зориулалтын нислэг үйлдэхийг хүсч байгаа ч дэлхий дахинаа тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өөр нислэг үйлдэх боломжгүйг УОК-оос мэдэгдэж байна.

Харин газраар, хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажлыг үргэлжүүлнэ гэв. Оюутнууд, дипломат албаны зарим ажилчид, тэдний ар гэрийнхэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Мөн өдрийн хурлаар Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Халдвар, ариутгал, хамгааллын дэглэмийг тавьсан шаардлагын дагуу мөрдөж ажиллахыг үүрэг болгов. МХЕГ-аас хяналт тавьж ажиллах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)