Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
- 2020-05-01
- Улс төр
- 0

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл Улсын Их Хуралд олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтоох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.

Мөн Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалт, түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан. Мөн “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмсэн талаар төсөл санаачлагч дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч илэрхийлэв.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан, түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нөхцөл байдлыг судалж үзсэн. Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороотой зөвшилцсөн. Энэ үндсэн дээр Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон асуудлыг 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар зохицуулах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ер нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь аль нэг намын өмчлөлийн асуудал биш улс төрийн зөвшилцөл, ард иргэдийн өргөн оролцоо, эрдэмтэн судлаачдын судалгаа нотолгоонд тулгуурласан нийтийн зөвшилцлийн баримт бичиг гэдгийг анхаарах нь чухал юм гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс 46 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хоёр анхдагч хуулийг шинээр батлах шаардлага үүсэж байгаа. Энэ хүрээнд өргөн баригдсан хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ төсөл юм. Мөн Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг томоохон хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд хэлэлцэгдэж, Улсын Их Хурал шахуу ажиллаж байна. Гэхдээ хууль хооронд давхардал хийдэл гаргахгүй байхад анхаарна, энэ чиглэлээр ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль нь Үндсэн хуулийн адил хүчинтэй байхаар хуульчлагдсан. Энэ хуулиар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар заасан байгаа. Энэ ажил хийгдэж байна. Иймээс Засгийн газартай холбоотой асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар энэ нь ямар нэг маргаангүй асуудал гэсэн тайлбар өгөв.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын санал, дүгнэлтийг танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.
Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 16 санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлахад, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсан агуулга бүхий 5.5 дахь заалт, төслийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “улс төрийн намууд” гэж тус тус нэмэхийг дэмжив.
Төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалт нэмэх, мөн зүйлд “Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсэг нэмэх санал дэмжигдэв.
Түүнчлэн Байнгын хорооносс дэмжээгүй саналууд болон ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын саналууд, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам” гэснийг “Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн яам” гэж өөрчлөхөөр тогтов. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)