Сөүлээс ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ
- 2020-05-02
- Улаанбаатар
- 0
ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 281 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ХӨСҮТ болон Дархан-Уул дахь лабораторийн 350 шинжилгээ хийсэн.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 26 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа, тээврийн жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Франкфурт явах иргэнээс коронавирус илэрлээ гэх буруу мэдээ өчигдөр цацагдсан. Тэр ташаа мэдээлэл явуулсан хүнийг олж хариуцлага тооцох хэрэгтэй.
Франкфурт явах иргэнээс эсрэг бие буюу коронавирус илэрсэн нь энэ хүнд халдвар орж ирээд гарчээ гэдэг тэмдгээ тавиад явсан гэсэн үг. Тийм л зүйл илэрсэн. Бид үүнд хяналт тавина. Тэрээр өвдөөд эдгэрсэн хэдий ч түүний ойрын хавьтлын 15 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Тэрээр Бельги Улсаас ирэн 50 хоносон. Тэрээр 21, 14 хоног болоход ямар ч шинж тэмдэг илрээгүй. Тиймээс ард иргэд амралтын өдрөө тайван амраарай гэж зөвлөе.
Монголд гаднаас тээвэрлэгдэн ирсэн коронавирусийн анхны халдвар болон бүртгэгдэж, бүрэн эмчлэгдсэн Франц хүн өнөөдөр өглөө нутаг буцлаа. Тэрээр монголын ард түмэн ХӨСҮТ-ийн хамт олонд баяр хүргэн талархаж баярлаж буйгаа илэрхийлсэн. Тэрээр “Монгол орон намайг аварлаа. Хэрвээ Францад би байсан бол намайг ямар хувь тавилан хүлээж байгааг мэдэхгүй. Би Монгол Улс намайг бүрэн эдгээснийг гэрчлэн би амны хаалтаа аван түүнийг тэвэрч үдлээ” гэв.
